Завхан аймаг 2016 оноос эхлэн “Ард иргэдээ сонсох аян”-ыг тогтмол зохион байгуулж, 2016, 2017 онд нийт 20 гаруй мянган иргэнийхээ санал хүсэлтийг сонсож, тэдний санал бодолд тулгуурлан аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ боловсруулан хэрэгжүүлж ажилласан билээ. Ард иргэдээ сонсох гуравдугаар аянаа 2018 оны нэгдүгээр сарын 2-16-ны өдрүүдэд зохион байгуулж, нийт айл өрхийнхөө 60 гаруй хувиар нь орж санал бодлыг нь сонссоноос гадна бүх шатны төрийн албан хаагчдын ажлыг ард иргэдээрээ үнэлүүлэх ажлыг анх удаа зохион байгуулсан юм.
“Ард иргэдээ сонсох” дөрөвдүгээр аяныг 2018 оны наймдугаар сард эхлүүлж, арван нэгдүгээр сарын 24-ний өдөр сүүлийн багууд буюу Улиастай хотын зургаан багт аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар нар 2018 оны ажлын тайлангаа тавьж, ард иргэдийнхээ дуу хоолойг сонслоо.
Ийнхүү Завхан аймгийн 24 сумын 116 багийнхаа 14 мянга гаруй иргэний санал хүсэлтийг сонсож, төрийн ажлыг ард иргэдээрээ үнэлүүлж, аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулах иргэдийн саналыг цуглуулж дууслаа.
Энэ үеэр ард иргэдтэйгээ хамгийн ойр байж, төрийн үйлчилгээг анхан шатны нэгжид тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэн ажиллаж буй багийн Засаг дарга нарт зөөврийн компьютер олгов.
“Ард иргэдээ сонсох” тавдугаар аянаа 2019 оны нэгдүгээр сарын 2-ний өдрөөс эхлүүлнэ.
Б.Оюун-Эрдэнэ