ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭВ
555 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар Төрийн албаны тухай шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх зорилгоор Засгийн газрын референт Ш.Цэцэг-Өлзийгөөр ахлуулсан 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Завхан аймгийн 24 суманд ажиллав. Энэ үеэр төрийн албан хаагчдын хууль эрх зүйн болон мэдээллийн технологийн суурь мэдлэгийн түвшинг тодорхойлох шалгалтыг цахимаар авч тухайн албан хаагчийн ажил хэргийн чадвар, ажлын гүйцэтгэл, ёс зүйн байдлыг хүн нэг бүрээр үнэлж дүгнэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 01 тоот албан даалгавар, “Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөний мөрөөр зохион байгуулсан ажил, байгууллага, нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт зэргийг шалгаж, байгууллага нэг бүрээр үнэлж, зөвлөмж өгч ажиллалаа.

Төрийн албан хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалтад Завхан аймгийн 24 сум, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 18 ажлын алба, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 13 агентлагийн 1000 гаруй төрийн албан хаагч хамрагдлаа. Төрийн жинхэнэ албан хаагчдын шалгалтын дүн, байгууллагын урьдчилсан дүнгээр Иргэдийн төлөөлөгчдийн хурал 85.1 хувь, агентлаг 87 хувь, сум 87.2 хувь, аймгийн Засаг даргын Тамгын газар 93.4 хувь, дунджаар 86.4 хувийн үзүүлэлттэй дүгнэгдлээ. Ажлын хэсгийн ахлагч, Засгийн газрын референт Ш.Цэцэг-Өлзий хэлэхдээ: “Хуулийн болон технологийн сорилын шалгалтад олон төрийн албан хаагч өндөр үнэлгээ авсан нь шалгалтад сайн бэлтгэснийг харуулж байна. Өөрөөр хэлбэл төрийн албаны тухай шинэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг сайн хангасан байгаа нь сайшаалтай” хэмээн онцоллоо. Цаашид ажлын байрны тодорхойлолтыг илүү боловсронгуй болгох, хариуцлагын тогтолцоо, цаг ашиглалт, архив, албан хэрэг хөтлөлтийг төрийн бүх албан хаагчдын түвшинд сайжруулах зэрэг хэд хэдэн асуудал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Ажлын хэсгийнхэн Завхан аймаг төрийн ажлыг ард иргэдээрээ үнэлүүлдэг тогтолцоонд шилжсэн, 2018 оныг “Төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарлаж тодорхой ажлуудыг зохион байгуулсан, төрийн албан хаагчдын баримтлах есөн зарчмыг боловсруулан мөрдөж, энгэрийн тэмдэг зүүж хэвшсэн, жилд хоёроос доошгүй удаа “Ард иргэдээ сонсох аян”-ыг зохион байгуулж тэдний санал бодлыг бодлого шийдвэртээ тусгадаг, төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг тогтмол хийдэг зэрэг олон үр дүнтэй ажил санаачилан хийж буйг сайшаав.

 

Цаашид Завхан аймаг ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгавар, санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх тал дээр онцгойлон анхаарч, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс хамтран нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр болов.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2018-11-27 18:31:46