Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавин ажиллаж буй Завхан аймаг “Сайн бизнесмен” хөтөлбөрийнхөө хүрээнд орон нутагт үйлдвэрлэсэн зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилгоор “Завхандаа үйлдвэрлэж, Завханчууд хэрэглэж хэвшье” уриан дор “Нэг сум-Нэг бахархал” аяныг эхлүүллээ. Энэхүү аян нь орон нутгийн түүхий эд, нөөц баялгийг ашиглан бренд бүтээгдэхүүнийг бий болгох, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн, экспортын барааны нэр төрлийг олшруулах, өрсөлдөх чадварыг бий болгох, хүн амыг эрүүл, аюулгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах зорилготой юм.
“Нэг сум-Нэг бахархал” аян 2019 оны аравдугаар сарын нэгний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд брендийг хэрхэн бий болгох талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, сум бүр өөрийн бахархалт бүтээгдэхүүнийг илрүүлж хөгжүүлэх, сурталчилах ажлыг зохион байгуулна. Аяны үр дүнд орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний нэр төрөл олширч, чанарын шаардлага хангасан шинэ дэвшилтэд технологи нэвтрүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, улмаар ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл багасах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны түншлэл бий болох зэрэг олон давуу тал бий болох юм.
Б.Оюун-Эрдэнэ