“Оюунлаг Завханчууд” хөтөлбөрийн хүрээнд хүнийхээ хөгжилд чиглэсэн таван “Сайн” дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Сайн малчин” хөтөлбөр юм. Малчдад тулгамдаж буй нэг чухал асуудал бол зургаан настай нэгдүгээр ангийн хүүхдээ дагаж төв суурин газар бараадсанаас айл өрхүүд хоёр тусдаа амьдрах шаардлагатай болдог. Ингэснээр мал аж ахуйн салбарт ажиллаж буй иргэдийн тоо буурах, өрхийн зарлага нэмэгдэх, гэр бүлд үл ойлголцол үүсэх зэрэг олон сөрөг үр дагаврууд гарч байгаа юм. Иймд малчид хүүхдэдээ санаа зовохгүйгээр мал аж ахуйн салбартаа амжилттай ажиллах, хүүхдийг багаас нь нийгэмшүүлэх, өөрийн гэртээ байгаа мэт тохилог, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хөдөөгийн 23 суманд малчны зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”-г байгууллаа.
“Гэр өргөө”-г ихэнх сум сургуулийн дотуур байраа түшиглэн байгуулсан бол дотуур байрын хүрэлцээ муутай сургуулиуд тусдаа байр барьж байна. Асрагч багш болон “Гэр өргөө”-ний багш нар зургаан настай хүүхдүүдийнхээ насны онцлогт тохируулан тоглонгоо сурч хөгжихөд нь тогтмол анхаарал хандуулж, эцэг эхийнх нь үүргийг гүйцэтгэж байна. Мөн хүүхдүүдийн ээжүүд ээлжээр “Гэр өргөө”-нд ажиллах, ахлах ангийн охидууд сайн дураараа дүү нартаа туслах боломжийг бүрдүүллээ. Зарим хүүхдүүд амралтын өдрүүдээрээ гэртээ харьдаггүй, найзуудтайгаа гэр өргөөндөө тоглож, хичээл номоо хийж өнгөрүүлэх дуртай болсон гэдгийг багш нар нь онцолж байв.
Хөдөөгийн 23 сумын “Гэр өргөө”-г тохижуулахад энэ жил аймгийн Засаг дарга 48 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол сум хөгжлийн сан, сургуулиуд, сумын нутгийн зөвлөл, “Хүүхдэд ээлтэй орон нутаг” төсөл зэрэг тал талаасаа дэмжин хамтран ажиллаж байна. Одоогоор сумдын “Гэр өргөө”-нд малчны зургаан настай 100 гаруй хүүхэд амьдарч байна. Цаашид хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай болжээ.