Завхан аймаг Монгол орны баруун хойд хэсэгт буюу Хангайн нурууны өндөрлөгийн баруун хэсэг, Их нуруудын хотгорын зүүн, Монгол Алтайн нурууны салбар уулсын хойд хэсэгт оршдог. Хангайн нурууны ноён оргил 4031 метр өндөр Отгонтэнгэр уул, хамгийн нам цэг Дөргөн нуурын хөвөөнд хилийн цэг 1132 метр байдаг нь Төв Азийн уулархаг сэрүүн бүсэд хамарч, хур, чийг багатай, хангай, хээр, говь хосолсон өвөрмөц тогтоц бүхий байгалийн үзэсгэлэнт газрууд ихтэй, уул уурхайд хамгийн бага өртсөн аймгуудын нэг юм.
Завхан аймаг уул уурхайгаас ангид аймаг байх зорилго дэвшүүлэн сүүлийн хоёр жилийн хугацаанд газар нутгаа улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авахад анхаарал хандуулан ажиллаж байна.
2017 онд “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төсөлтэй хамтран 16 сумын 50 нэгж талбар бүхий нийт 905145 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан бол 2018 онд хоёр нэгж талбарын 45979.4 га газар нутгийг хамгаалалтад авснаар 2220084 га буюу нийт нутаг дэвсгэрийн 26.9 хувийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа.
Завхан аймаг байгаль дэлхийгээ ухаж бус, үзүүлж мөнгө олохыг чухалчилж байна. 2016 оны наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Завхан аймагт ашигт малтмалын 99 тусгай зөвшөөрөл олгогдсон байсан бол одоо 79 тусгай зөвшөөрөлтэй болж 20 нэгжээр бууруулаад байна. 2016 оны наймдугаар сараас хойш нийт 92 тусгай зөвшөөрөл олгох хүсэлт ирүүлснийг 100 хувь татгалзсан хариу хүргүүллээ.
Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, тахийн сүрэг нутагшуулж буй Хомын тал, Тэсийн гол-Булнайн байгалийн цогцолбор газруудыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд шинээр нэмж оруулах санал Монгол Улсын Засгийн газраас дэмжигдэж, Улсын Их Хуралд өргөн барихад бэлэн боллоо.
Эдгээр газар нутгуудыг тусгай хамгаалалтад авснаар уул уурхайн ашиглалтын болон хайгуулын зөвшөөрөл олгогдохгүй болсон хэдий ч хамгаалалтын менежментийг боловсронгуй болгох нь тулгамдаж буй асуудлын нэг болоод байна.