Завхан аймаг “Сайн багш” дэд хөтөлбөрийн хүрээнд “Багшийн сэтгэл-хүүхдэд” сэдэвт дөрвөн удаагийн сургалтын цогц үйл ажиллагааг зохион байгуулсан билээ. Ирээдүйд улс эх орон, төрөлх нутгийнхаа хөгжлийг жолоодох хүүхэд багачууд мэдлэг чадвартай, зөв иргэн болж төлөвшихөөс гадна эрүүл байх нь нэн чухал юм. Иймд 2018 оны зургаадугаар сард сургуулийн өмнөх боловсролын багш, ажилчдаа чадавхжуулах сургалтын үеэр цэцэрлэгийн тогооч нарт зориулсан сургалт зохион байгуулж, ур чадварын уралдаан зарласан юм. Тэгвэл Японы ядуурлыг бууруулах сангийн “Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төсөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын тогооч нарын мэргэжлийг дээшлүүлэх “Зохистой хооллолт ба хүүхдийн эрүүл мэнд, Чадамжид суурилсан тогоочийн мэргэжил дээшлүүлэх” сургалт зохион байгууллаа.
Чадамжид суурилсан тогоочийн мэргэжил дээшлүүлэх сургалтад Завхан, Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байрын тогооч нар хамрагдаж онолын мэдлэгээ дээшлүүлснээс гадна практикт суурилсан дадлагын ажил хийлээ. “Зохистой хооллолт ба хүүхдийн эрүүл мэнд” сургалтад дотуур байр бүхий сургуулийн захирал, сургалтын менежер, нягтлан бодогч, нярав, эмч нар оролцож, дээрх сургалтуудад нийт 225 ажилтан хамрагдлаа.
Сургалтын үр дүнд тогооч нар хүүхдийн хоол тэжээлийг бэлтгэхэд эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах арга зүйг эзэмшиж, хүүхдийн хоол тэжээлийн илчлэг тооцох аргачлал, гарын доорх материалаар шим тэжээлтэй хоол бэлтгэх арга, гал тогооны тоног төхөөрөмжтэй ажиллах арга зүйд тус тус суралцан мэдлэгээ дээшлүүлж, харилцан туршлага солилцов.