ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН СУРГАЛТ БОЛОВ
819 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт дэвшүүлж баруун бүс нутагт анх удаа өвлийн хүлэмжийн аж ахуй барьж ашиглалтад оруулсан билээ. Мэргэжлийн агрономичийн удирдлаган дор 300 метр квадрат хоёр ширхэг өвлийн нарлаг хүлэмжид тариалалтаа эхлүүлж байсан тус хүлэмжийн аж ахуй үйл ажиллагаагаа амжилттай явуулж одоогоор 6-8 төрлийн ногоо тариалж, жилийн дөрвөн улирлын турш хэрэглэгчдээ шинэ нарийн ногоогоор хангаж байна. Энэхүү хүлэмжийн аж ахуйг түшиглэн Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо, аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хүлэмжид нарийн ногоо тариалах агротехник ба хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцоолох нь” сэдэвт баруун бүсийн  сургалтыг 2018 оны арван нэгдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулав. Онол, дадлага хосолсон тус сургалтад Завхан аймгийн 24 сум, Ховд, Говь-Алтай аймгийн 80 гаруй тариалан эрхлэгч оролцож туршлага судалснаас гадна хүлэмжийн аж ахуй эрхлэхэд тулгамдаж буй асуудал, нарийн ногоо тариалах арга технологи, хүлэмжийн аж ахуйн ашиг тус, тооцоолол зэрэг олон сэдвийн хүрээнд мэдээлэл авч цаашдынхаа үйл ажиллагаанд хэрэгжүүлж ажиллахаар болов.

2018-12-06 11:25:48