ЗАВХАН АЙМАГТ 2019 ОНД 47.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭНЭ
386 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг  “Иргэн төв”-тэй төр бүхий аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж, 2018 онд “Ард иргэдээ сонсох аян”-ыг хоёр удаа зохион байгуулснаар айл өрхүүдийнхээ 60 хувиар орж, 24 сумын 116 багийн 14 мянга гаруй иргэнийхээ санал хүсэлтийг сонсож, аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгах ард иргэдийнхээ саналыг авсан юм. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 90 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдах санал ирснийг нэгтгэн эрэмбэлж, 162 ажилд 47 тэрбум 153 сая төгрөг зарцуулахаар төлөвлөснийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид хэлэлцэн баталлаа.

 

Аймгийн ИТХ-ын зургаадугаар хуралдаанаар Завхан аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг 97.2 хувь, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны хэрэгжилтийг 93 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэлээ. 2019 онд бүтээн байгуулалт, тохижилт соёлжилт, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлж ажлын байр нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч ажиллана.  Мөн хүнийхээ хөгжилд чиглэсэн “Сайн эмч”, “Сайн багш”, “Сайн малчин”, “Сайн бизнесмен”, “Сайн оюутан” хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

 

2018-12-07 02:42:31