АСГАТ СУМ 140 ХҮНИЙ СУУДАЛТАЙ ШИНЭ “СОЁЛЫН ТӨВ”-ТЭЙ БОЛЛОО
1035 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг 2016 оноос жилд хоёроос доошгүй удаа “Ард иргэдээ сонсох аян”-ыг зохион байгуулж, иргэдэд тулгамдаж буй асуудлыг шат дараатай шийдвэрлэж байна. Аяны үеэр Асгат сумын иргэд Соёлын төвийн шинэ байртай болох асуудлыг уламжилсны дагуу аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар анх удаа томоохон бүтээн байгуулалт хийлээ.

 

Асгат сумын Соёлын төв 1992 оноос хойш орон сууцны зориулалттай, зай талбай багатай, тохижилт муутай, галлагаатай байранд 26 жил үйл ажиллагаагаа явуулжээ. Тэгвэл Завхан аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 280 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 140 хүний суудалтай шинэ Соёлын төвтэй боллоо.

 Шинэ Соёлын төвийн барилга 24:18 харьцаатай, таван өрөө, нэг заалтай бөгөөд ашиглалтын талбай хоёр дахин нэмэгдсэн байна. Энэхүү бүтээн байгуулалт нь Завхан аймагт канад технологиор, орон нутгийн төсвөөр барьсан нийтийн үйлчилгээний зориулалттай анхны байр юм. Дуу чимээ тусгаарлалтыг сайн хийж, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан гэдгийг гүйцэтгэгч компанийхан хэлж байлаа.

 

Соёлын төвийн техник тоног төхөөрөмж муудаж, ашиглахад хүндрэлтэй болсон байна. Тиймээс аймгийн Засаг дарга долоон сая төгрөгийн үнэ бүхий техник тоног төхөөрөмж бэлэглэлээ. Барилгын ажлыг Цэгт ХХК 2018 оны зургаадугаар сард эхлүүлж,  зургаан сарын дотор барьж ашиглалтад орууллаа. Шинэ байранд музей, номын сан хамт байрлана. Ингэснээр сумын иргэдэд соёлын үйлчилгээг нэг дороос,  чанартай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдлээ.

 

2018-12-27 02:56:36