“АРД ИРГЭДЭЭ СОНСОХ ТАВДУГААР АЯН”-АА ЗОХИОН БАЙГУУЛАВ
689 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Завхан аймаг ард иргэдээ сонсдог, иргэдийнхээ санал бодолд тулгуурлан шийдвэр гаргадаг, төрийн албан хаагчид айл өрхүүдээ хариуцан ажилладаг, төрийн ажлыг иргэдээрээ үнэлүүлдэг, иргэн төвтэй төр бүхий аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж гурав дахь жилтэйгээ золгож байна.

Төрийн албан хаагчид шинэ оны эхний ажлын өдөр албан тасалгаа руугаа биш, ард иргэддээ хүрч үйлчилэхээр хөдөөгийн сумдыг зорьсон юм. Завхан аймаг “Ард иргэдээ сонсох нэгдүгээр аян”-аа 2016 оны аравдугаар сард эхэлж байсан бол 2019 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр тавдугаар аянаа эхлүүлж, 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 24 суманд ажиллалаа. Ажлын хэсгийнхэн нийт айл өрхийнхөө 80 хувиар нь орж 20 гаруй мянган иргэнийхээ санал хүсэлтийг сонсож, мэдээ мэдээлэл хүргэснээс гадна төрийн албан хаагчдын ажлыг ард иргэдээрээ үнэлүүллээ. Төрийн байгууллага, төрийн албан хаагчийн ажлыг дээд шатны албан тушаалтан бус ард иргэд үнэлдэг болсноор иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч байгааг иргэд хэлж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ахмад төрийн албан хаагчид багтаж сумдын төрийн албан хаагчдад  зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, ахмад, дунд, залуу үеийн эргэх холбоог хангаж ажиллалаа.

Завхан аймгийн төрийн албан хаагч бүр 3-5 айл өрхийг хариуцаж, төр-иргэнийг холбох гүүр болон ажиллаж байгаа нь иргэддээ ойртсон үр дүнтэй ажил болж байна. Өөрөөр хэлбэл иргэд өөрийнхөө өмнө тулгамдаж буй төрийн байгууллагатай холбоотой асуудлыг хариуцсан төрийн албан хаагчдаараа дамжуулан шийдвэрлүүлдэг болсноор төрийн үйлчилгээг илүү шуурхай, чирэгдэлгүй хүргэж хэвшлээ.

 Завхан аймаг “Ард иргэдээ сонсох аян”-аа жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулдаг юм. Жил бүрийн наймдугаар сард төрийн цогц үйлчилгээг багт хүргэж ард иргэдийнхээ санал хүсэлтийг сонсдог бол шинэ оны эхний ажлаа ийнхүү айл өрхүүдээрээ орж ард иргэдээ сонсохоос эхлүүллээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2019-01-20 09:27:06