“САЙН БАГШ” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “БАГШИЙН СЭТГЭЛ ХҮҮХДЭД-5” БАГШ, УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ БОЛОВ
988 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Аливаа нутаг орны хөгжил хүний хөгжлөөс эхэлдэг. Тиймээс Завхан аймаг “Оюунлаг Завханчууд” хөгжлийн хөтөлбөр боловсруулан баталж, амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд таван “Сайн” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь багш нарынхаа ур чадварыг дээшлүүлэх, амжилтыг нь бодитоор үнэлж урамшуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилготой “Сайн багш” дэд хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Багшийн сэтгэл хүүхдэд” тав дахь удаагийн багш, удирдах ажилтны сургалтыг зохион байгуулж, 24 сумын ерөнхий боловсролын сургуулийн 600 гаруй багш нар оролцлоо.

“Багшийн сэтгэл хүүхдэд” тав дахь удаагийн сургалтыг нийслэлийн тэргүүний “Шинэ үе” бүрэн дунд сургуультай хамтран зохион байгуулж, тус сургуулийн 20  гаруй багш орон нутгийн багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд  хамтран ажиллалаа. 1000 гаруй багш нарынхаа саналыг үндэслэн сургалт авах багш, хичээлийн сэдвээ сонгосон тул энэ удаагийн сургалт багш нарын хэрэгцээнд суурилсан чухал сургалт болсныг онцоллоо.

Энэ жил Завхан аймгийн боловсролын салбарын 60 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхт ойг тохиолдуулан “Багшийн сэтгэл хүүхдэд” тав дахь удаагийн сургалтын үеэр улсын хэмжээний эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд амжилттай оролцсон багш нар шилдэг илтгэлүүдээ тавилаа.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2019-01-24 09:33:10