“САЙН БАГШ” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ШИЛДЭГ 100 БАГШ ШАЛГАРУУЛЖ, ШИЛДГИЙН ШИЛДЭГ БАГШИЙГ 10 САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛАВ
661 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 Завхан аймаг ирээдүйд улс эх орон, төрөлх нутгийнхаа хөгжлийг түүчээлэх шилдэг боловсон хүчин бэлтгэх их үйлсэд хөдөлмөр зүтгэл, эрдэм мэдлэг, оюун бодол, сэтгэл зүрхээ уйгагүй зориулж буй шилдэг багш нарынхаа амжилтыг бодитой үнэлж, тэднийг алдаршуулахад онцгой анхаарч байна. Шавь нар нь улс, бүс, аймгийн чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, сурагчдынх нь сурлагын дундаж үнэлгээ нь өссөн, салбартаа манлайлж буй шилдэг багш нараа шалгаруулж урамшуулдаг уламжлалтай билээ. Завхан аймгийн боловсролын салбарт ажиллаж буй 1500 гаруй багш нараас шилдэг 100 багшийг шалгаруулах ёслолын ажиллагаа боллоо. Шилдгийн шилдэг “Үнэмлэхүй манлай багш”-аар Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн математикийн боловсролын багш Б.Нямдаваа шалгарч 10 сая төгрөгөөр шагнуулав. Мөн шилдэг есөн багшийг тус бүр нэг сая төгрөгөөр, шилдэг 90 багшийг тус бүр 300 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Завхан аймаг ийнхүү багш нарынхаа хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, цаашид илүү их хичээх урам зориг, итгэл найдвар, өндөр хариуцлага хүлээлгэсэн чухал үйл ажиллагааг санаачилж хэрэгжүүлсэнд багш нар талархлаа илэрхийлж байв.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2019-01-24 09:38:24