ХАМТЫН ХҮЧ-ХӨГЖЛИЙН ГАРЦ” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД 24 СУМЫН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ ОРОЛЦОЖ 100 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙЛЭЭ
462 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хэрэглэгч аймаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавьсан Завхан аймаг жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд 1500 гаруй эмэгтэйчүүдийг эсгий, эсгий эдлэл, оёдлын сургалтад хамруулж, “Хамтын хүч-хөгжлийн гарц” үзэсгэлэн худалдааг энэ жил гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Завхан аймгийн нийт мал сүргийн 50 гаруй хувийг хонин сүрэг эзэлдэг тул ноосоо ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор эсгий, эсгий эдлэлийн сургалтыг шат дараатай зохион байгуулаад байгаа юм. Үр дүнд нь энэ жилийн үзэсгэлэн худалдаанд эсгийгээр хийсэн бүтээлүүдийн нэр төрөл өмнөх жилүүдээс нэмэгдэж, чанар сайжирчээ. Улиастай хотод зохион байгуулсан энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 24 сумын өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцож 100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийлээ.

2018 онд Завхан аймгийн гурван суманд арьс шир боловсруулах цех ашиглалтад орсноор энэ жилийн үзэсгэлэн худалдаанд боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд олноор нэмэгджээ. Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилтынхоо хүрээнд “Сайн бизнесмен” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлснээр 2018 онд Завхан аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт өмнөх оноос 2.3 дахин, боловсруулах үйлдвэрлэлийн борлуулалт 3.2 дахин өссөн байна.

2019 онд Завхан аймаг сум бүрээ бренд бүтээгдэхүүнтэй болгох зорилт тавьж, 24 сумаа 350 гаруй сая төгрөгийн жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр хангахаар төлөвлөөд байна. Мөн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөтэй болж, “Нүүдэлчин аялал” шинэ брэндийг бий болгохыг зорьж байгаа юм.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

2019-01-25 09:42:30