БРЕНД БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЭРДЭНЭТ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛЖ 200 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙВ
427 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг орон нутгийнхаа баялаг бүтээгчдийн тоог нэмэгдүүлэх, тэдний бараа бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах, ард иргэдээ ажилтай орлоготой болгоход онцгойлон анхаарч олон улсын төсөл  хөтөлбөрүүд, аж ахуйн нэгж байгууллага, бусад аймаг орон нутагтай хамтран ажиллаж байгаа билээ. Эрдэнэт хоттой 2017 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсны үр дүнд 2019 оны нэгдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдаанд 30 орчим бизнес эрхлэгч оролцож 50 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн бол энэ жил 80 гаруй бизнес эрхлэгч 330 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож өмнөх жилээс дөрөв дахин их борлуулалт хийлээ.

 “Уурхайчин” соёлын ордонд болсон Завхан нутгийн бренд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гурав хоногийн турш хөл хөдөлгөөн ихтэй, бизнес эрхлэгчдийн ашиг орлого сайн байлаа. Үзэсгэлэн худалдаанд 20 сум бренд бүтээгдэхүүнтэйгээ оролцож 200 орчим сая төгрөгийн борлуулалт хийв. “Нутгийн иргэд олноороо суурьшсан, худалдан авах чадвар сайтай хотод бараа бүтээгдэхүүн борлохгүйн зовлон үгүй байна” хэмээн үйлдвэрлэл эрхлэгчид онцоллоо. Мөн дараа жилийн үзэсгэлэн худалдааны бэлтгэлээ эртнээс базааж, илүү олон нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцоно гэв. Нутгаа санасан иргэд ч үзэсгэлэн худалдааг зорьж ирэхдээ хамгийн түрүүнд өөрийн сумынхаа бүтээгдэхүүнийг сонирхож, худалдан авалт хийж байв. Эрдэнэт хотод суугаа Завхан нутгийн уугуул иргэд энэхүү үзэсгэлэн худалдааг хүлээдэг болсон төдийгүй сар шинийн бэлтгэлээ ч бүрэн базаадаг тухайгаа хэлж байлаа.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2019-01-27 09:46:44