ЦЭЦЭН-УУЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.ОРГИЛСАЙХАН: ЭНЭ ОНД МАНАЙ СУМЫН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
3598 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ онд Цэцэн-Уул сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохионо. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна. Ойн хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

 

2019 онд сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэх ажлын хэсэг томилж дотроо найман дэд хэсэгт хуваагдаж ажлын төлөвлөгөө, төсвөө гарган ажиллаж байна. Ойг угтаж 2019 онд сургуулийн хичээлийн байр, спорт заалтайгаа баригдаж ашиглалтад орно, зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”, ахуйн үйлчилгээний барилга баригдаж дуусна. Мөн 200 хүний суудалтай Соёлын төвийн барилга баригдахаар аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд  хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдаж тендерийг нь зарлаад байна.

 

Сумын төвийн гуу жалгыг дарах, хогийн цэгийг шуух, албан газар  байгууллагын гадна өнгө үзэмжийг сайжруулах, баяр наадмын талбайг шинэчлэн барих зэрэг ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Улаанбаатар хотын нутгийн зөвлөлд хамтран ажиллаж бүтээн байгуулалт хийх шаардлагатай ажлын саналыг хүргүүлсэн байгаа.

 

Сумын ойд зориулж ард иргэд хандив дэм өгч эхлээд байгаа. Үүнд: Монгол Улсын тод манлай уяач Содномцог азарганы бай шагналыг, Э.Золжаргал Үндэсний сурын харвааны бай шагналыг, Содномцэрэн ахын үр хүүхэд ах дүүс нь шатрын тэмцээний бай шагналыг, сумын аварга малчин Л.Нарангэрэл шүдлэн насны түрүү морины бай шагналыг хариуцахаар тус тус амласан. Одоо цагт хүн болгон өөрийн төрж өссөн уул ус, сум орноо хөгжүүлэх, сайн сайхан болгохын төлөө бодож сэтгэдэг болжээ. 1990 оны наймдугаар анги төгсөгчид 30 гаруй сая төгрөгийн өртөгтэй “Хүндэтгэлийн гэр өргөө” барихаар болсон. Энэ жишгээр үе үеийн төгсөгчид зохион байгуулалтад орж сум орон нутагтаа шаардлагатай байгаа бүтээн байгуулалтын ажил хийхийг уриалж байна. Ойд ард иргэдээ хошуучлан хандив өгсөн иргэддээ сумын нийт ард иргэдийнхээ өмнөөс танай сониноор дамжуулан баярласан сэтгэлээ илэрхийлж ажил, хөдөлмөрийн амжилт,  сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Цэцэн-Уул сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгагдсан бүтээн байгуулалтын ажлууд хэчнээн хувьтай хэрэгжив?

 

          Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд нийт 93 асуудал тусгагдснаас 86 хувьтай хэрэгжээд байна.

 

 Нийт хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтаар ямар бүтээн байгуулалтын ажлууд хийв?

 

Цэцэн-Уул суманд 2018 онд улсын төвсийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн барилга, спорт заалтай баригдаж 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол 110 сая төгрөгийн өртөгтэй ахуйн үйлчилгээний төвийн барилгын ажил хийгдсэн.

 

Сумын орон нутгийн хөгжлийн сангийн 45.6 сая төгрөгөөр албан байгууллагуудын гэрэлтдэг хаяг, Эрүүл мэндийн төвд тарианы автомат шахуурга, зөөврийн кварц, ургийн доплер, электрон жин, Ерөнхий боловсролын сургуулийн “Багш хөгжлийн төв”-д тоног төхөөрөмж, Цаг уурын станцид зогсоол цэгийн тэмдэгжүүлэлт, Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг тоног төхөөрөмжөөр хангах ажлууд хийгдсэн. Манай суманд 2018 онд нийт 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдлээ.

 

Танай суманд баригдсан мах, сүүний үйлдвэрийн үйл ажиллагаа ямар түвшинд байна вэ?

 

Дэлхийн банкны буцалтгүй санхүүжилтээр тус бүр нь 250 сая гаруй төгрөгийн өртөгтэй мах, сүүний жижиг үйлдвэр баригдлаа. Нийт найман жижиг төсөл тус бүрт 20 сая төгрөгийн тоног төхөөрөмж, гурван хоршооны төсөл тус бүрийг 250 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангасны хоёр нь мах, сүүний үйлдвэр юм.

 

 “Эко Завхан”, “Миний гоё сум” аяны хүрээнд сумаа цэвэр цэмцгэр болгох, өнгө үзэмжийг нь сайжруулах тал дээр хэрхэн анхаарч ажиллав. 2018 онд ард иргэдээ ая тухтай орчинд ажиллаж амьдрах чиглэлээр ямар онцлох ажил хийв?

 

Сумын Засаг даргын захирамж гаргаж “Эко Завхан” аяны хүрээнд “Эко сум” аяны удирдамж боловсруулж, хавар намрын их цэвэрлэгээний ажлыг чанартай зохион байгуулж хэвшсэн. Аж ахуйн нэгж, албан байгууллагууд гадна орчноо цэвэр цэмцгэр байлгаж сумын төвийн ойролцоох Тэгш, Дэлгэрлэн голын сав дагуух газар,орон нутгийн тахилгат таван овоо, манай сумаас гадна сумуудтай холбогддог таван чиглэлийн орон нутгийн чанартай зам дагуух газрын хог хаягдлыг төрийн байгууллагуудад хуваарилан өгч цаашид ч хариуцан цэвэр байлгахаар үүрэгжүүлсэн.

 

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор сумын Засаг даргын Тамгын газрын бичил цэцэрлэгийн талбайд 60 ширхэг улиас нэмж тарин усалгаа арчилгааг нь тогтмолжуулсан. Мөн иргэдийн дунд “Мод тарих аян” өрнүүлснээр 190 ширхэг тарьц суулгацаар үнэгүй хангаж, хэрхэн арчлах ургуулах талаар зөвлөгөө өглөө.

 

“Миний гоё сум” аяны хүрээнд Сайн хашаа, Сайн гудамж шалгаруулах урамшуулалт уралдаант аяныг зарласны үр дүнд 2018 онд 70 гаруй өрх хашааныхаа өнгө үзэмжийг сайжрууллаа.

 

 Төрийн албан хаагчдынхаа сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ард иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэх талаар ямар шинэлэг ажил санаачилан зохион байгуулав?

 

Цэцэн-Уул суманд нийт 135 төрийн албан хаагч байдаг. Төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор нэг төрийн албан хаагч гурван өрхийг хариуцан тус өрхүүддээ сум орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа төрийн үйлчилгээ, ажлыг танилцуулж, өрх бүрийн санал хүсэлтийг авч тайланг нэгтэж хэвшээд байна.

 

Сумын бүх төрийн албан хаагчдын хурлыг сар бүрийн 25-нд хийж төрийн байгууллагууд сард хийсэн ажлын тайлан, ирэх сард хийх ажлын төлөвлөгөөнийхөө талаар мэдээлэл солилцож, тус мэдээллээ төрийн албан хаагчдаараа дамжуулан ард иргэддээ түгээж байна.   

 

Танай суманд хэчнээн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч үйл ажиллагаагаа явуулж байна вэ. Орон нутгийн баялаг бүтээгчдээ хэрхэн дэмжиж байна?

 

Манай сум жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж нийт 69 хүнд зээл олгосон. Одоогийн байдлаар талх, нарийн боовны гурав, эсгий урлалын дөрөв, зөөлөн оёдлын найм, хатуу оёдлын дөрөв, гар урлал модон эдлэлийн гурав, сур суран эдлэлийн найм, нийт 30 өрх, хоршоо аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа тогтмол явуулж орон нутагтаа баялаг бүтээж байна.

 

Өмнөх жилүүдтэй харьцуулахад өвөлжилт ямар болж байна, бэлтгэл ажлын талаар?

 

Энэ жил манай суманд өвөл өнөтэй сайхан болж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Төв суурин, төрийн байгууллагын өвлийн бэлтгэл хангагдаж нүүрс түлээгээ100 хувь татсан. Нийт 910 боодол өвс сумын нөөцөд төвлөрүүлж нөөцөлж авсан. Сумын хэмжээнд нийт 50 тонн ногоон тэжээл, 10 тонн төмс, нэг тонн хүнсний ногоо бэлтгэлээ.

 

2019 онд Цэцэн-Уул суманд ямар бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, танай сумын хөгжил хэрхэн урагшлах бол?

 

Энэ онд Цэцэн-Уул сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиохтой  уялдуулан сумандаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт татах зорилт тавин ажиллаж байна.

 

2019 онд улсын төсөв, аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас нийт нэг тэрбум 202.9 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ. Дээр нь сумын орон нутгийн хөгжлийн сангийн 76.5 сая төгрөгийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ.

 

Шинэ Соёлын төв, зургаан настай хүүхдийн  “Гэр өргөө”, ахуйн үйлчилгээний төвийн барилга, Ерөнхий боловсролын сургуулийн барилга спорт заалтайгаа ашиглалтад орохоос гадна хувийн хэвшилд баригдсан мах, сүүний хоёр үйлдвэр ашиглалтад орно. Наадмын стадион шинээр барих зэрэг олон ажил хийгдэнэ.

 

Эцэст нь Монгол орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй Цэцэн-Уулчууддаа, Цэцэн-Уул суманд ажиллаж амьдарч байсан нийт ард иргэддээ сайн сайхныг хүсэн ерөөж, төрөлх нутгийнхаа түүхт 60 жилийн ойд хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

 

2019-02-23 15:52:38