НУТГИЙНХАА ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ЗАВХАНЧУУД ЧУУЛЖ, НЭГДСЭН ЗОЛГОЛТОО ЗОХИОН БАЙГУУЛЛАА
453 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг орон нутагтаа баялаг бүтээх, баялаг бүтээгчдээ дэмжих, тэдний бараа бүтээгдэхүүнийг зах зээлж борлуулахад нь хамтран ажиллах, ажлын байрыг нэмэгдүүлж ард иргэдээ ажилтай, орлоготой болгоход ихээхэн анхаарч ажиллаж байгаа билээ. “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих” томоохон зорилго дэвшүүлэн ажиллаж буй Завханчууд 2019 он гарсаар орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнээр гурван удаагийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж 400 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгээд байна.

Шороон гахай жил гарсаар хамгийн түрүүнд “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих” зорилтоо амжилттай хэрэгжүүлэхэд нутгийн уугуул иргэд, нутаг сэтгэлтэй түмэн олныхоо санаа бодлыг сонсох, тэдний оролцоог хангах зорилгоор сум бүрийн удирдлагууд нутгийн зөвлөлийн гишүүдтэйгээ зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

“Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих” зорилтынхоо хүрээнд 24 сумандаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тоног төхөөрөмжтэй болох зорилгоор Завхан аймгийн эдийн засаг,  нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 350 гаруй сая төгрөгийг тусгаад байгаа юм.  Энэ удаагийн уулзалтаар Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлтэйгээ хамтран сум бүрт тухайн нутаг орныхоо онцлогт тохирсон жижиг үйлдвэрүүд байгуулахаар шийдвэрлэж ирэх дөрөвдүгээр сарын 16-ны өдөр бизнес уулзалт зохион байгуулж, хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхээр боллоо.  

 

Завхан аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, түүний Тамгын газар хамтран зохион байгуулсан “Завханчуудын нэгдсэн золголт” арга хэмжээнд нутаг сэтгэлтэй түмэн олон, УИХ-ын гишүүд, үе үеийн аймгийн удирдлагууд, боловсрол, соёл, шинжлэх, ухаан, урлаг, спортын гээд салбар салбарын алдартнууд хүрэлцэн ирэв.  Залуу насаа төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлийн төлөө зориулсан 90-ээс дээш настай ахмад буурлууддаа Завхан аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар хүндэтгэл үзүүллээ.

Завханчуудын нэгдсэн золголт, уулзалтын үеэр шороон нохой жилийн онцлох хүнээр шалгарсан “Болор цом-2018” наадмын тэргүүн байрын шагналт, яруу найрагч Базарсадын Баттулгад шагналыг нь гардуулж, цомын эзнээ хоёр өрөө байртай болгоход нь дэмжлэг үзүүлж орон нутгаасаа таван сая төгрөг гардуулав.

 “Завханчууды нэгдсэн золголт” арга хэмжээний хүрээнд Завхан нутгийнхаа хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ амар амгалан, эрүүл энх, сайн сайхан байхын тухайд Жалханз хутагт Данзанчойживанчүг тэргүүтэй 108 лам засал, ном айлтгаж, Завхан нутгийн урлаг соёлын алдартнуудын тоглолт болж, Завхан аймгийн харьяат хүчит 64 бөх барилдлаа. Барилдаанд Монгол улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, монгол улсын харцага Бэгзсүрэн үзүүрлэлээ. Гончигдамба гарьд түрүү бөхийн бай шагналаа болор цомын эзэн яруу найрагч Б.Баттулгад мялаалга болгон гардуулж нутгийн түмнээ баярлууллаа.

Ийнхүү оюуны их энергийн төв, Оюунлаг Завханчууд нутгийнхаа хөгжлийн төлөө чуулж, сар шинийн нэгдсэн золголтоо Монгол бөхийн өргөө дүүрэн, өргөн дэлгэр зохион байгуулав.

Б.Оюун-Эрдэнэ

 

2019-02-17 09:19:41