ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ, МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ: МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МӨШГИХ ТОГТОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР МАЛЧДЫН АШИГ ОРЛОГО НЭМЭГДЭНЭ
1644 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Сайн малчин” дэд хөтөлбөр боловсруулан баталж, амжилттай хэрэгжүүлж буй Завхан аймаг малчид, мал аж ахуйн салбартаа чиглэсэн олон шинэлэг ажлыг санаачилан зохион байгуулж байгаа билээ. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019  онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоог бүх сумандаа хэрэгжүүлэхээр төлөвлөж, Мал эмнэлгийн ерөнхий газар, “Ногоон алт” төсөлтэй хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Ийнхүү Завхан аймаг Улсын хэмжээнд анх удаа малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоог нэвтрүүлж, эрүүл мал бүхий аймаг болохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэлтэй ярилцлаа. 

 

Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Мал эмнэлгийн ерөнхий газраас ямар онцлох ажлууд хийж хэрэгжүүлж буй талаар эхлээд мэдээлэл өгөөч?

 

Монгол Улсын Их хурлаас Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг 2017 оны арванхоёрдугаар сард баталж, 2018 оны зургаадугаар сараас хэрэгжиж эхэлсэн.  Зургаадугаар сарын 20-ны өдрөөс Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Бид эхлээд хууль тогтоомжийг сурталчилах, бүтэц зохион байгуулалтаа жигдрүүлэх, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, вакцинжуулах, худалдааны чөлөөт байдлыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зэрэг гол зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Мөн хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дагалдан гарах  журам, заавруудыг батлан ажиллаж байна.

 

2019 онд хөдөө орон нутгаас Завхан аймагтай хамтран ажиллахаар болжээ. Яагаад Завхан аймгийн сонгов, ямар чиглэлээр хэрхэн хамтран ажиллах вэ?

 

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн гол зорилт бол мал сүрэг эрүүл байх явдал юм. Мал сүрэг эрүүл байвал махны экспорт нэмэгдэнэ, ингэснээр ажлын байр олноор бий болно, цаашлаад улс орны эдийн засаг, татварын бааз суурийг өргөтгөж эдийн засаг солонгороход томоохон хувь нэмэр оруулна. Тухайн мал, мах эрүүл бүс, эрүүл хот сууриас бэлтгэгдсэн эсэхийг тодорхойлохын тулд малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоог бий болгох ёстой. Өөрөөр хэлбэл малчны хотноос бэлтгэгдсэн мал дэлгүүрийн лангуун дээр очиход гарал үүсэл нь тодорхой байна гэсэн үг. Энэ тогтолцоог нэвтрүүлснээр нийгмийн нэгэн томоохон бэрхшээл болох малын хулгайтай тэмцэхэд чухал ахиц гарна гэж харж байна. Аймгуудаас Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан бусад аймгуудад туршлага болохуйц, үлгэр жишээ байдлаар энэ ажлыг орон нутагтаа хэрэгжүүлэхээр төлөвлөж, бидэнд санал тавьсан. Энэ саналыг Мал эмнэлгийн ерөнхий газар дэмжиж, Завхан аймагтай малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоог хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.

 

Тэгэхээр хамгийн түрүүнд малчид мэдээлэл сайтай байх ёстой. Малын эрүүл мэндийн мөшгих тогтлолцоо, түүний ач холбогдлын талаар та илүү тодорхой мэдээлэл өгөөч?

 

Энэ ажлыг мэдээж малчидтайгаа хамтран хийнэ. Эцсийн эцэст Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх гол субъект бол малчид юм. Бид малчидтайгаа хамгийн ойр байж, харилцан ойлголцсоны үр дүнд энэ хуулийг хамтран хэрэгжүүлэх ёстой. Гарал үүслээ тодорхой байлгахын тулд мал бүрийг тусгай кодоор бүртгэлжүүлнэ. Өөрөөр хэлбэл вакцин, угаалга туулгад хамрагдсан байдал, бусад хорио цээрийн дэглэм зэрэг бүх мэдээллийг бүртгэлийн системд оруулна гэсэн үг. Ингэж эрүүл мэндийн хувьд баталгаажсан мал махны үйлдвэрт бүтээгдэхүүн болж, цаашлаад зах зээлд гарахад ард иргэд хэрэглэж буй бүтээгдэхүүндээ итгэл төгс болох юм. Нөгөө талаар энэ системийг нэвтрүүлснээр мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн зах зээлд өндөр үнэтэй борлогдох нөхцөл бүрдэж, малчдын ашиг орлого нэмэгдэнэ.

 

Энэхүү тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэхэд малчид юун дээр анхаарах шаардлагатай вэ?

 

Нэгдүгээрт хуулийн хүрээнд мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт төлөвлөгөөтэй байх ёстой. Тухайн зах зээлд хэдий хэмжээний мах борлуулах, хэдэн төл авах, бэлчээрийн даацаа зохицуулахаас гадна мал эмнэлгийн үйлчилгээ  авах бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хуулийн хүрээнд гарсан журам, зааврыг мөрдөхөөс гадна мал, амьтнаа хараа хяналттай байлгах, эрсдэл үүссэн үед мал эмнэлгийн байгууллагатаа цаг алдалгүй мэдэгддэг, авах арга хэмжээ, тодорхой төлөвлөгөөтэй байж, мал эмнэлгийн байгууллага, орон нутгийн төр захиргаатайгаа уялдсан бэлтгэл ажлуудыг хийх ёстой.  

 

2019 оны гуравдугаар сард Завхан аймгийн сум бүр “Малчдын зөвлөгөөн”-өө зохион байгуулна, тавдугаар сард “Аймгийн малчдын нэгдсэн зөвлөгөөн” болно. Энэ зөвлөгөөнүүдэд Мал эмнэлгийн ерөнхий газар ач холбогдол өгч оролцоно гэж байгаа шүү дээ?

 

Малын эрүүл мэндийн мөшгих тогтолцооны чиглэлээр бид “Ногоон алт” төсөлтэй хамтран ажиллаж байна. Хамгийн гол нь малчдад хүнд суртал, дарамт учруулахгүйгээр энэ ажлыг зохион байгуулах ёстой. Завхан аймаг малчдадаа мэдээлэл хүргэх зорилгоор сум бүртээ малчдын зөвлөгөөн зохион байгуулж байгаа санаачилга нь сайн юм. Иймд бид дэмжиж хамтран ажиллахаар болсон. Цаашид Завхан аймгийн туршлагаар Монгол Улсын хэмжээнд бусад аймгуудад хэрэгжүүлнэ.

 

Завхан аймагтай хамтран ажилласнаар үр дүнг нь мэдээж өргөн хүрээнд харж байгаа байх?

 

Вакцингүй эрүүл бүсэд хамрагддаг аймгийн нэг нь Завхан аймаг. Мэдээж Монгол Улсын дотоодын зах зээлд эерэг мессеж өгөх төдийгүй гадаад зах зээлд Монгол Улс малынхаа эрүүл мэндэд хяналт тавьдаг болсон тухай мэдээлэл олон нийтэд хүрэх нь маш чухал ач холбогдолтой. Бид дотоодын зах зээлийг эрүүл хүнсээр хангах үүрэгтэй. Гадаад зах зээлийг мөн эрүүл хүнсээр хангахаас гадна  малын гоц халдварт өвчнийг тархаахгүй байх үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл орон нутгаас анх удаа Завхан аймагтай хамтран хэрэгжүүлэх гэж буй малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоо их чухал юм. Ялангуяа энэ тогтолцоог ашиглаад бид шилжих хөдөлгөөнийг хуулийн хүрээнд маш сайн  хянана. Завхан аймаг малын гоц халдварт өвчингүй байгаа нь малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоог нэвтрүүлж, хамтран ажиллахад гол түлхэц, шалгуур болж байгаа.

 

Баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд та малчдадаа хандаж юу хэлэх вэ?

 

Мал эмнэлгийн ерөнхий газраас энэ жилийг “Малчинд ойрхон мал эмнэлэг” уриаг дэвшүүлж байгаа. Монгол Улсын Засгийн газар “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил ” гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтуудын хүрээнд бид ажиллана. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль бол эцсийн үр дүндээ малчдадаа л зориулсан хууль юм. Хуулийг хэрэгжүүлэхэд тал талдаа хариуцлагатай байх ёстой. Малчин бүр хуулийн хүрээнд гарсан журам, зааврыг мөрддөг байх хэрэгтэй. Энэ бүх үйлчилгээ бол эргээд тухайн малчны бүтээгдэхүүн өндөр үнэтэй, чанартай байхын төлөө л хийж буй асуудал. Тиймээс үүнийг маш сайн ухамсарлаж, төр засаг, Мал эмнэлгийн ерөнхий газраас гарч буй бодлого шийдвэрүүдийг дэмжиж ажиллах нь чухал. Эцсийн эцэст энэ бол нэг талаар төрийн ажил, нөгөө талаар иргэд, малчдынхаа төлөө хийж буй томоохон ажил. “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэж Үндсэн хуулинд заасан байдаг. Энэ бол малаа эрүүл байлгахын төлөө төрөөс үзүүлж буй үйлчилгээ юм.  Үр дүнг нь малчид л хүртэнэ.

 

Ярилцсан сэтгүүлч: Б.Оюун-Эрдэнэ

 

2019-03-18 09:27:59