ЗАВХАН АЙМАГ ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ НЭГДЬЕ” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ
525 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

“Хүчирхийллийн эсрэг нэгдье” тайван жагсаалд 3000 гаруй хүн оролцов

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Завханчууд “Хүчирхийллийн эсрэг нэгдье” уриан дор тэмдэглэж,  олон ажлыг үе шаттай зохион байгууллаа.  2019 оны гуравдугаар сарын 7-ны 19:00 цагт орон нутгийн AIR1 телевизээр “Хүчирхийллийн эсрэг нэгдье” 60 минутын шууд ярилцлага хийж, аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа, эмэгтэйчүүдийн эрхийг хамаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож мэдээлэл өглөө.

Гуравдугаар сарын 8-ны өглөө 09:30 цагт “Хүчирхийллийн эсрэг нэгдье” тайван жагсаал зохион байгуулж 3000 гаруй хүн оролцлоо. Энэ өдөр хүүхэд, хөгшид, эрчүүд, бүсгүйчүүд гээд бүх насны хүмүүс хүчирхийллийн эсрэг нэгдсэн юм.

 

Эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг сонслоо

 

Бүх нийтийн алхалтын дараа аймгийн Хөгжимт жүжгийн театрт “Эмэгтэйчүүдээ сонсъё” хэлэлцүүлэг зохион байгуулж 400 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, тэдний эрх хэрхэн зөрчигдөж байгааг аймгийн удирдлагууд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд сонсож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцож, асуултуудад хариулт өглөө.

 

“Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үйлчлэх нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж холбогдох шийдвэрүүдийг гаргав

Эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг сонсож, тайван жагсаалд манлайлан оролцсон аймгийн Засаг даргаар ахлуулсан албаны хүмүүс  “Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үйлчлэх нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг зорьсон юм. Хүчирхийллийн эсрэг нэгдэж, сэтгэл зүрхээрээ  үргэлж хамт байгаагаа илэрхийлсэн 3000 гаруй хүний сэтгэл шингэсэн зургийг хананд нь байрлуулж өглөө. 2019 он гарсаар хүчирхийлэлд өрсөн  8 насанд хүрэгч, 13 хүүхэд энэ төвөөс үйлчилгээ авчээ. 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Цагдаагийн газар, “Хүчирхийллийн эсрэг хамтын хүч” ТББ-ын гурван талт гэрээг байгуулсан бөгөөд аймгийн Засаг дарга гэрээний хэрэгжилттэй танилцаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

1.     Тус төвийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахад хуульд заасан чиг үүргийн дагуу аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт тодорхой ажлыг хариуцуулж, холбогдох зардлыг гаргуулах 

2.     Бүх нийтийг соён гэгээрүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулахаас гадна иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор энгийн үг хэллэг, зураг дүрслэл бүхий гарын авлага гаргаж олон нийтэд хүргэх

3.     “Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үйлчлэх нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаанд зориулж орон нутгийн төсвөөс 2017 онд нэг сая төгрөг, 2018 онд 10 сая төгрөг зарцуулсан бол энэ онд аймгийн Засаг даргын нөөц сангаас 15 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр болов.

Энэ үеэр аймгийн удирдлагууд “Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үйлчлэх нэг цэгийн үйлчилгээний төв”-өөр үйлчлүүлж байгаа иргэдийн санал бодлыг сонсож, баярын ширээг нь засч өгсөн юм. Мөн аюулгүй байдлаа хамгаалуулж, үйлчилгээ авч буй хүүхэд, эмэгтэйчүүдэд гарын бэлэг гардууллаа.

Ийнхүү Завхан аймаг Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүллээ. Цаашид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтайгаа үйл ажиллагаагаа уялдуулж, нэгдсэн төлөвлөгөө гарган хамтран ажиллахаар  боллоо.

 

Б.Оюун-Эрдэнэ

2019-03-08 18:33:08