УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ БҮЛЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
415 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле нараар ахлуулсан шуурхай бүлэг Завхан аймагт ажиллалаа. Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, Засаг дарга Д.Батсайхан орон нутгийн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл  хийв. Тэрээр, Завхан аймгийн 24 сумын 116 багт 9.1 мянган малчин өрхийн 3.6 сая мал өвөлжиж, хаваржиж байна.  Энэ өвөл өмнөх жилүүдээс цас бага орсон, хавар 5-6 дугаар сард хур тунадас бага орох төлөвтэй байгаа нь эрт хуурайшилт явагдаж, ой хээрийн түймэр гарах, зуншлага оройтох эрсдэл үүсч болзошгүй байна. Аймгийн хэмжээнд 1501.4 мянган хээлтэгч мал төллөнө. Нэмэгдэл тэжээлд орох малын тоо өсч, өвс тэжээлийн дутагдал үүсэх, цаг уурын дулаарал, хуурайшилттай холбоотойгоор говийн сумдад малын усан хангамж дутагдах нөхцөл үүсэх төлөвтэй байгааг хэллээ.

Завхан аймгийн 16 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй, аймаг, сумын өвс тэжээлийн нөөц дууссан тул улсын нөөцөөс 900 тонн өвс,  680 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгох, Тосонцэнгэл, Тэс суманд автомашин өгөх, Тэлмэн, Цагаанхайрхан суманд үүссэн 25 сая төгрөгийн хохирлыг барагдуулахаар тус тус шийдвэрлэв.

Мөн Улсын онцгой комисс, харьяа яамдуудад уламжилсан саналуудыг шат дараатай шийдвэрлэнэ гэдгийг хэллээ.

 

Б.Оюун-Эрдэнэ 

2019-03-14 03:38:20