“ОЧИРВААНИЙН ИХ ЭГШИГЛЭН” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ БОЛНО
539 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Уянгын яруу найргийн ноён оргил, нэрт соён гэгээрүүлэгч, Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан 1929 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд мэндэлсэн билээ. Алдарт найрагчийн мэндэлсний 90 насны ойн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг түүний төрсөн бууц “Ар амны тасархай”-д ёслол төгөлдөр зохион байгуулав.

Их найрагчийн уран бүтээлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, үйл хэргийг нь үргэлжлүүлэх, утга зохиолоор дамжуулан хүнлэг, энэрэнгүй иргэн төлөвшүүлэх зорилго бүхий “Явуу-90” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд аймаг, сумын удирдлагууд, найрагчийн эрдэм номд шамдан суралцсан Б.Элдэв-Очирын нэрэмжит “Чандмань-Эрдэнэ” лаборатори сургуулийн багш ажилчид, Ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй сурагч, лам хуврагууд оролцлоо. 

Их найрагчаа дурсан санахаас гадна түүнийг өлгийдөн авсан газар дэлхийд хамгийн түрүүнд хүндэтгэл үзүүлж “Мандал” өргөх ёслол үйлдэв.

Энэ үеэр Алдархаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд морин хуурын аялгуугаар эх дэлхийгээ аргадаж, “Шүлэг минь-Хүлэг минь” шүлгийг 90 хүүхэд нэгэн зэрэг уншиж, Б.Явуухулангийн шүлгээр бүтсэн шилдэг дуунуудыг ахлах ангийн хүүхдүүд амилуулж их найрагчаа магтан дууллаа.  

Мөн “Хөнгөн бийр” дугуйлангийн хүүхдүүд уран бүтээлээ туурвиж, “Хулангийн унага” уран зохиолын дугуйлангийн хүүхдүүд шүлэг, яруу найргаа толилуулж их найрагчийн төрсөн өдрөөр түүний хүй цөглөсөн Ар амны тасархайн бууц эгшгэн цэнхэр хадаг, утга уянгаар халгив.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлэхдээ: “Завхан нутгаас төрсөн суу билигт их найрагчийн мэндэлсэн өдөр түүнийг Монгол түмэн, дэлхий даяар дурсан санах учиртай. Тиймээс бүтэн жилийн турш үргэлжлэх Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж буйг мэндэлсэн газар, төрсөн гэрийнх нь буйрнаас Монгол орон даяар зарлан тунхаглаж байна” гэлээ. Ийнхүү их найрагчийн мэндэлсний 90 жилийн ойг энэ жил аймгийн хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадмыг хоёр үе шаттай зохион байгуулна. Шилдэг найрагчид 2019 оны зургаадугаар сарын 6-ны өдөр түүний төрсөн бууцнаа шүлэг, яруу найргаа дуудна. Аливаа наадам нэг түрүүтэй байдаг бол “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам есөн түрүүтэй. Өөрөөр хэлбэл энэ үеэр Завхан аймгаас төрсөн есөн хутагтын хишигт есөн найрагчийг тодруулах юм.  

 

Б.Оюун-Эрдэнэ 

2019-03-16 03:43:22