УЛИАСТАЙН 2000 ЦЭРГИЙН БОСЛОГЫН ТУХАЙ ӨГҮҮЛСЭН “2000” УРАН САЙХНЫ КИНОНЫ НЭЭЛТ БОЛЛОО
1026 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Эртний түүхт Улиастай хотод болсон хоёр мянган цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “2000” уран сайхны киноны нээлт уг түүхэн явдлын өлгий нутаг Завхан аймгийн төв Улиастай хотноо боллоо. Манж Чин улсын дарлалын эсрэг эх орон, эх чөлөөнийхөө төлөө тулалдаж явсан Монголчуудын, тэр дундаа Улиастайн хоёр мянган цэргийн бослого, тэмцлийн талаар тус кинонд өгүүлжээ.

“2000” уран сайхны киноны зохиолч, ерөнхий продюсерээр Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Пүрэвжавын Батсайхан, ерөнхий найруулагчаар Б.Отгонзориг, продюсерээр З.Анхбаяр нар ажилласан байна. Кинонд МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Н.Батцэцэг, Д.Төмөртогтох, Д.Гүрсэд, МУСТА Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ, Ш.Доржсүрэн, Д.Баттөмөр, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар тоглосон бол хөгжмийг Монгол Улсын Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан бичжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд тус киноны зохиолч, ерөнхий продюсер П.Батсайхан, гол дүрийн жүжигчин МУАЖ П.Цэрэндагва, МУСТА Ц.Цэрэнболд, ерөнхий найруулагчаар Б.Отгонзориг нарын төлөөлөл, аймгийн удирдлагууд оролцлоо.

Нээлтийн үеэр МУУГЗ П.Батсайхан хэлэхдээ: “Энэ киноны түүхэн эх сурвалж Завхан аймгаас төрсөн хутагт хувилгаадыг 40 жил судалсантай минь холбоотой. Монголын сэргэн мандалтын үеийн түүхэнд хаягдах шахам болсон Улиастайн хоёр мянган цэргийн бослогын талаар бичих сэдэл төрсөн юм. Мөхөх төрийн бодлого дунд мандах төрийн зул бадамлаж байдгийг олж харсан. Цэцдээ сонсдоггүй ноёд төр, цэргээ хамгаалдаггүй төрийн бодлогыг Улиастайн хоёр мянган цэргийн бослого бодитоор нь харуулсан гэж хэлж болно. Тиймээс энэхүү түүхт үйл явдлын өлгий нутгийн ард түмэн Улиастайчууд киног үзэж дор бүрнээ нэгийг тунгаан бодох нь зүйн хэрэг” гэв.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан кино зохиолыг бичсэн яруу найрагч, хутагт судлаач, МУУГЗ П.Батсайханд “Завхан аймгийн хүндэт иргэн” цол тэмдгийг олгож, гол дүрийн жүжигчдэд дурсгалын зүйл гардууллаа.

Улиастайн хоёр мянган цэргийн бослогын тухай өгүүлсэн “2000” уран сайхны кино Монгол Улсын 21 аймагт нээлтээ хийхээр төлөвлөжээ.

 

Б.Оюун-Эрдэнэ 

2019-03-20 03:45:34