МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ
364 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Завхан аймаг Даваа гариг бүрийн өглөө 08:30 цагт албан байгууллагын дарга нарын шуурхай хурал хийж, өнгөрсөн долоо хоногт хэрэгжүүлсэн ажлаа хэлэлцэж, ирэх долоо хоногт хийх цаг үеийн ажлаа ярилцдаг уламжлал тогтоод хоёр жил гаруй хугацаа өнгөрч  байна. Шуурхай хуралдаан хийж эхэлснээс хойш 98 дахь удаагаа болж буй ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотноо зохион байгуулсан орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөний үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, Төрийн албаны зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх чиглэлээр аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн дарга нар, төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад аймгийн Засаг дарга Д.Батсайхан мэдээлэл хийж, хугацаатай үүрэг даалгаврууд өглөө.

Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй зарцуулах, бүх шатанд хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээг иргэндээ ойртуулах, хүнсний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарах, орон нутгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг даалгаврыг бүх шатны төрийн байгууллагууд хэрэгжүүлж ажиллах ёстойг хэллээ. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, цаг хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлэх, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгаж, ач холбогдолгүй арга хэмжээнд хөрөнгө зарцуулахыг таслан зогсоохыг үүрэг болголоо.

Энэ үеэр төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдан гарсан дүрэм журмуудын талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Л.Лхамсүрэн танилцуулга хийж, холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсруулалт, чиг үүргийн шинжилгээ хийж, үйл ажиллагаандаа мөрдөх ажлыг эрчимжүүлэх хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Б.Оюун-Эрдэнэ 

 

2019-03-15 03:53:22