АРД ИРГЭД ЧӨЛӨӨТ ЦАГАА ЗӨВ БОЛОВСОН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА
540 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Өнгөрсөн оны есдүгээр сард Завхан аймагт ашиглалтад орсон 1000 хүний суудалтай “Усан бассейн бүхий спорт цогцолбор” тогтмол үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр хүүхэд залуучууд, ард иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байна.  “Баруун бүсийн тамирчдыг олимпд бэлтгэх төв” нь 400 хүний суудалтай усан бассейны заал, 500 хүний суудалтай спорт заал, үндэсний сурын спорт, гимнастик, ширээний теннис зэрэг бусад бүх төрлийн спортоор хичээллэх нэмэгдэл заалтай. Мөн фитнесс, спиннинг, саун душ, хаш чулуун болон халуун элсэн эмчилгээний өрөө, амралтын өрөө, тав тухтай ресторан, буфет гээд чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх бүхий л таатай нөхцөлийг бүрдүүлснээр иргэд гэр бүл, найз нөхдөөрөө эрүүл мэнддээ анхаарч цагийг үр дүнтэй өнгөрүүлж байна. Хүүхдүүд усан спортоор маш идэвхтэй хичээллэж байгаа бөгөөд “Бид усанд сэлэх дуртай” анхны тэмцээнээ 6-9 нас, 10-13 нас, 14 наснаас дээш гэсэн гурван насны ангиллаар амжилттай зохион байгууллаа. 

Тэмцээнд оролцсон тамирчдыг нас, зай, төрлөөр нь ангилж, ангилал тус бүрт нэгдүгээр байр эзэлсэн хүүхдүүдэд өргөмжлөл, алтан медаль, нэг сар усан бассейнд хичээллэх эрх, хоёрдугаар байр эзэлсэн хүүхдүүдэд өргөмжлөл, мөнгөн медаль, 14 хоног усан бассейнд хичээллэх эрх, гуравдугаар байрт шалгарсан сурагчдад өргөмжлөл, хүрэл медаль, долоо хоног усан бассейнд хичээллэх эрхээр  тус тус шагнаж урамшууллаа.  Одоогоор усан бассейнаар 120 гаруй хүүхэд, 50 гаруй насанд хүрэгч үйлчлүүлж байна. Унгар улсаас мэргэжлийн багш урьж, нэг сарын хугацаанд багш нараа чадваржуулсан бол цаашид усан спорт өндөр хөгжсөн орнуудад багш нараа сургаж, дадлагажуулахаар төлөвлөжээ.

Ийнхүү баруун аймгуудаас анх удаа Завхан аймагт усан бассейн бүхий спорт цогцолбор ашиглалтад орсноор ард иргэд бүх төрлийн спортоор идэвхтэй хичээллэж, эрүүл мэнддээ анхаарал тавьж байна. Ялангуяа амралтын өдрүүдэд энэхүү спорт цогцолбор хөл хөдөлгөөн ихтэй байдгийг онцолж байв.

 Б.Оюун-Эрдэнэ 

 

2019-03-20 03:54:50