ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ
501 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Аймгийн Засаг даргын санаачилгаар “Сайн эмч” дэд хөтөлбөр боловсруулан амжилттай хэрэгжүүлж буй Завхан аймаг эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны ээлжит зөвлөгөөнөө “Инээмсэглэл-эерэг хандлага”, “Нэг эрүүл мэндийн ажилтан-Нэг тоног төхөөрөмж” уриан дор 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулав. Зөвлөгөөнөөр аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудын 2018 оны ажлын үр дүн, ололт амжилт, 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл болон цаашид анхаарах асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр аймгийн  Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц эрүүл мэндийн салбарын бодлогын асуудлаар, эрүүл мэндийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Сарантуяа “Эрүүл мэндийн салбарын манлайлал” сэдвээр, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн эрүүл мэндийн салбарын 2018 оны ажлын үр дүн, 2019 оны ажлын төлөвлөгөөг танилцуулснаас гадна нийт 22 эмч, мэргэжилтэн илтгэл тавив. Мөн Завхан аймагт эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцлоо.

“Сайн эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд 40 шилдэг эмч, эмнэлгийн ажилтан шалгаруулна. Шилдэг эмчийн шалгаруулалтыг байгууллага, хамт олны санал 40 хувь, нийгмийн сүлжээний нээлттэй шалгаруулалт 30 хувь, хэрэглэгчийн үнэлгээгээр 30 хувиар тус тус дүгнэж,  шилдгийн шилдэг эмч 10 сая төгрөгийн шагнал хүртэх юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

2019-03-21 03:56:00