“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ИЙГ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ТЭМДЭГЛЭВ
406 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Монгол улсад шинэ үеийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг Завхан аймагт үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудыг хамруулан тэдний хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, бие бүрэлдэхүүний ур чадвар, албаны бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллагынхаа онцлог үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах боломжийг нээж өгөх зорилгоор иргэдийн эх оронч үзэл санааг идвэхжүүлсэн олон талт хэлбэрээр өргөн дэлгэр зохион байгуулав.

 

Энэ хүрээнд спортын тэмцээн уралдаан, марш тактикийн аварга тасаг шалгаруулах тэмцээн болон ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ЗДТГ-ын Цэргийн штаб, аймгийн ахмадын хороо, ахмад дайчдын төлөөлөл, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, 24 сумын ЗДТГ-ын дарга нар болон бусад төлөөлөгчид Монгол Улсын баатар, армийн генерал Батын Дорж агсны хөшөөнд цэцэг өргөснөөр баярын арга хэмжээ албан ёсоор эхлэв. “Монгол цэргийн өдөр”-ийн нэрэмжит спортын уралдаан тэмцээн гар бөмбөг, сагсан бөмбөг, усан сэлэлт, шатар, 100 буудалт даам, ширээний теннис, дартс зэрэг спортын найман төрлөөр  явагдаж 13 байгууллагын 300 гаруй тамирчин төрөл тус бүрт хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргууд тодорлоо. Багийн дүнгээр Зэвсэгт хүчний 325 дугаар анги тэргүүн байр, аймгийн Цагдаагийн газар дэд байр, аймгийн Онцгой байдлын газрын  баг тамирчид гуравдугаар байрт тус тус шалгарав.

Гуравдугаар сарын 15-ны өдөр баярын хурлын үеэр аймгийн Засаг даргын шийдвэрээр ажил үйлсээрээ тэргүүлж буй зарим офицер, ахлагч нарыг аймгийн “Хүндэт тэмдэг”, аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж урамшууллаа. Мөн төв талбайд төрийн цэргийн байгууллагуудын нэгдсэн тооллого, хамтарсан үзүүлэх тоглолт, урлагийн тоглолтууд болов.

 

Марш тактикийн аварга тасаг шалгаруулах тэмцээнийг хоёр ангиллаар зохион байгуулж албан хаагчдын ангилалд долоон байгууллагын найман тасаг оролцсоноос хурандаа Г.Чулуунзагд захирагчтай Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тасаг нэгдүгээр байр, хурандаа Ө.Болд захирагчтай аймгийн Онцгой байдлын газрын тасаг хоёрдугаар байр, хурандаа Г.Баярхүү захирагчтай Хилийн 0277 дугаар ангийн тасаг гуравдугаар байр эзэллээ. Улиастай сумын Ерөнхий боловсролын таван сургуулийн дунд зохион байгуулсан маршийн тэмцээнд дөрөвдүгээр сургууль тэргүүлэв.

 

2019-03-18 18:57:52