Аймгийн Засаг дарга Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг жил бүр Увс, Ховд, Баян-Өлгий аймагт хугацаат цэргийн алба хааж буй цэрэг дайчдаа эргэдэг уламжлалтай билээ. Энэ жил Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн барилга инженерийн тусгай батальон, Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Увс аймгийн хилийн цэргийн 0311 дүгээр ангийн зургаан заставт алба хааж буй 260 гаруй цэрэг дайчидтайгаа биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Энэ үеэр албан хаагчдынхаа орчин нөхцөл, сургалт, бэлтгэлийн үйл явцтай танилцсанаас гадна ар гэр, аав ээжийнх нь сэтгэлийн үгтэй видео мэндчилгээ, захидлыг дамжуулж, гарын бэлэг гардууллаа.
Нутаг нутгаас ирсэн олон аавын хөвгүүдийн дунд ур чадвар, авьяас билгээрээ гайхуулж, Завхан сайхан нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа цэргүүд олон байгааг энэ үеэр заставын удирдлагууд онцолж байв.
Завхан аймгаас Увс, Ховд, Баян-Өлгий аймагт хугацаат цэргийн алба хааж буй цэрэг дайчид албаа хаах өндөр сэтгэл зүйтэй, цэргийн эрдэмд суралцах нөхцөл бололцоогоор бүрэн хангагджээ. Энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, эх орныхоо торгон хилд үүргээ гүйцэтгэж байгаа нутгийн хүүгээ эргэж ирдэгт цэргүүд талархсан сэтгэлээ илэрхийлж байлаа. Эр цэргийн албаа нэр төртэй хааж буй цэргүүддээ зориулж аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдээс гадна “Тусгай салаа” киноны Дэндэв буюу дуучин, жүжигчин Эрдэнэбаяр уран бүтээлээ толилуулж сэтгэлийн мялаалга өргөлөө.
Б.Оюун-Эрдэнэ