ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР БАЯНХАЙРХАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЗАСВАРЫН АЖЛЫГ ХИЙНЭ
515 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

2017 онд Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжаар Түдэвтэй сумын сургуулийн дотуур байрыг засварласан бол 2018 онд 206 сая төгрөгийн санхүүжилтээр Ургамал сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, спорт заалны барилгыг засварлаж хөдөөгийн хүүхдүүдийн суралцах орчныг сайжруулсан билээ. Тэгвэл энэ онд Баянхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээр болж Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлэхдээ: “Энэ жил Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр засварын ажил хийгдэх Баянхайрхан сумын Эрүүл мэндийн төв нь анх 1989 онд 15 хүний ортойгоор баригдсан бөгөөд барилгын засвар хийгдээгүй 30 жил болж байсан юм. Аймгийн төв Улиастай хотоос 250 километр, Улаанбаатар хотоос 1000 гаруй километрийн зайд орших уг сумын 1800 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд хүндрэл үүсч, тойргийн сумдад очиж эмчлүүлэх шаардлага тулгараад байлаа. Баянхайрхан сумын эрүүл мэндийн төвийн барилгын ажлын санхүүжилтийн тодорхой хувийг аймаг хариуцан ажиллана. Монгол Улсын баруун хязгаар алслагдсан бүс нутагт орших манай аймгийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын хөгжилд үнэтэй хөрөнгө оруулалт хийж, оюунлаг Завханчуудыг хөгжүүлэх гэгээн үйлсийг хамтран бүтээлцэж буй Япон Улсын Засгийн газар, Монгол Улс дахь Элчин сайдын яаманд нийт Завханчуудынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэлээ.

Япон улсын Засгийн газраас “Өвсний үндэс” хөтөлбөрийг Монгол Улсад 1990 оноос  хойш хэрэгжүүлж, нийт 542 төслийг санхүүжүүлжээ. Хөгжиж буй орнуудын ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд хамтран хэрэгжүүлждэг тус хөтөлбөрийн үр шимийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд Япон улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг байна.

 

2019-03-25 04:01:20