ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
700 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн Газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх, хүн, хүч дайчлан гаргах журам”-уудыг хэрэгжүүлэх талаар Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны гуравдугаар дугаар сарын 12-ны өдрийн 1/447 дугаартай үүргийн дагуу аймгийн Засаг даргын 10 заалт бүхий үүргийг сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дарга нарт хүргүүлэн орон нутагт дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын захирамжаар газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг 24 сумын ерөнхий боловсролын 30 сургууль, сургуулийн өмнөх боловсролын есөн байгууллагад гуравдугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулж сургалтанд хоёр мянга гаруй багш ажилтан, 17 мянга орчим хүүхэд оролцлоо.

Гуравдугаар сарын 21-ний өдөр Улиастай, Тосонцэнгэл, Тэс суманд Онцгой байдлын газрын 22 офицер албан хаагчид, нийт 85 аж ахуйн нэгж байгууллагуудад "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх" сэдвээр танхимын сургалт зохион байгуулж, байгууллагуудын аюулгүйн гарц, дотоод зарлан мэдээлэх дохиог шалган, газар хөдлөлтийн үед өөрийгөө хамгаалах, барилга байгууламжаас хэрхэн гарах талаар дадлага сургуулилт хийж 5212 ажилтан албан хаагч хамрагдлаа.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журмын дагуу 2019 оны гуравдугаар сарын 21-ний 16 цагт аймгийн төвд таван серинь дохиог нэгэн  зэрэг гурван удаа 30 секунтын давтамжтай дуугаргаж  аймгийн холбоо зарлан мэдээллийн албанаас, хөдөөгийн 23 суманд үүрэн холбоогоор дохиог дамжуулснаар дадлага сургуулилтын ажиллагааг эхлүүлэв.

Энэ үеэр аймгийн алба, мэргэжлийн ангиудын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, хувцасны жигдрэлт, хүн нэг бүрийн аранзны иж бүрдэлд үзлэг хийж, бэлтгэл бэлэн байдлыг шалган Онцгой комиссын гишүүд заавар зөвлөгөө өгч ажиллалаа. Дадлага сургуулилтад аймгийн Онцгой комиссын 28 гишүүн, гамшгаас хамгаалах 12 албан, 34 мэргэжлийн бүлэг хэсгийн нийт 350 хүн, Улиастай сумын зургаан  багийн 6681  иргэн,  23 сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, 109 багийн нийт 5346 ажилтан, ард иргэд, Онцгой байдлын байгууллагаас 108 алба хаагч  оролцлоо. Ийнхүү Завхан аймгийн хэмжээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтад урьдчилсан байдлаар нийт 12513 хүн,  235 машин техник хамрагдаж, нийт иргэдийн 88 хувь нь гамшгийн аюулын тухай, зарлан мэдээллийн дохио, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэлтэй болов.

 

2019-03-23 04:04:43