ИДЭР СУМ БЯСЛАГНЫ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
457 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Завхан аймаг “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих” зорилт дэвшүүлсэн билээ. Энэхүү зорилтын хүрээнд олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөр, нутгийн зөвлөлүүдэд тодорхой санал тавьж хамтран ажиллаж байна. ADRA олон улсын байгууллагатай 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр уулзалт зохион байгуулж, сарлагийн сүүгээр герман технологиор бяслаг үйлдвэрлэх тухай санал солилцсон билээ. Өнгөрсөн хугацаанд ADRA олон улсын байгууллага хөрөнгө оруулагчдыг татах, төсөл хөтөлбөрөө танилцуулах ажлуудыг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд бяслагны үйлдвэр байгуулах хөрөнгийн асуудал шийдэгдээд байна. Гуравдугаар сард ADRA олон улсын байгууллагын ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж орон нутгийн зүгээс хамаарах асуудлууд, холбогдох шийдлүүдийн талаар санал солилцож бяслагны үйлдвэрийг Идэр суманд байгуулахаар боллоо. Бяслагны үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг энэ оны дөрөв, тавдугаар сард хийж, зургаадугаар сараас малчдаас сүүгээ авч эхлэх юм. Ингэснээр Завхан аймагт анхны бяслагны үйлдвэр байгуулагдана. Цаашид орон нутагт үйлдвэрлэсэн бяслагийг гадаад зах зээлд гаргах, түүнийг дагалдах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох, сургалтууд хийх зэрэг цогц үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2019-03-30 15:59:10