СОНГИНО СУМЫН ЗАСАГ ДАРГА М.БАТТӨМӨР: МАНАЙ СУМ 2019 ОНЫГ “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА
953 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Сайхан хаваржиж байна уу. Сонгино сум өвлийг хэр өнөтэй давав. Одоо хаваржилт ямар болж байгаа талаар хоёулаа ярилцлагаа эхэлье?

 

Сайхан хаваржиж байна аа. Энэ өвөл цас багатай, харьцангуй дулаан, ойрын хэдэн жилд болоогүй дулаан сайхан өвөл болж өнгөрлөө. Малчид маань ч өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангасан, өнгөрсөн зун зуншлага хэдий оройтсон ч өвс ургамлын гарц өмнөх жилүүдийг бодвол сайн гарсан, өвөлдөө  цас бага орлоо, хөдөөгийн дөрвөн багийн нутгийн 113 цэгт 120-иод өрх, 460-аад хүн ам, 106 мянга гаруй  толгой мал өвөлжиж, төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл сайн хангагдсан,  малчид, ард иргэд  маань  сэтгэл тэнүүн, тарган сайхан өвөлжиж, хавартайгаа золголоо. Хаврын  сар гарсаар  хоёрдугаар сарын 10-аас хэд  хоног   хүйтэрснийг эс тооцвол сайхан хавар болж байна. Мал сүрэг тарган тавтай орсон, малчид маань малын хорогдолгүй  хаваржилт сайхан болж  байна. 

 

Өнгөрсөн жилийг танай сум “Хөдөө аж ахуйг дэмжих жил” болгон зарласан.  Энэ оныхоо зорилтынхоо хүрээнд ямар шинэлэг ажлууд хийв. Ялангуяа мал аж ахуйн салбар ололт амжилтаар дүүрэн байсан болов уу?

 

Тийм ээ,  2018 оныг бид “Хөдөө аж ахуйг дэмжих жил” болгон зарлаж хөдөө аж ахуйн салбарт олон зүйлийг төлөвлөн хийж хэрэгжүүлсний дотор малчдадаа малынхаа ашиг шимээр орлогоо нэмэгдүүлэхэд илүү анхаарал хандуулж,  мах, сүү цагаан идээгээ боловсруулж, зах зээлд борлуулах, мөн газар тариалан хүнсний ногоо тариалж орлогоо нэмэгдүүлэх зэрэг олон ажлуудыг төлөвлөн хийсэн. Сүүлийн хоёр гурван жилд малын тоо толгой өсч байгаа сайн талтай ч бэлчээрийн доройтол, хүрэлцээ хангамж гээд бодох зүйл олон байгаа. Цаашдаа малын тоо толгойн өсөлтөөс илүүтэйгээр чанарт анхаарах цаг болсныг малчид иргэддээ байнга зөвлөж анхааруулж байдаг.  Манай хонь сартуул омгийн үүлдэрт багтдаг, адууны угшил сүүлийн үед нилээд сайжирсан. Малын ашиг шим, түүний дотроос арьс, хөрсний  үнэ ханш хэдий бага байгаа ч мах, сүү, ямааны ноолуур, ноос  гээд боломжийн  үнэ ханштай бүтээгдэхүүнүүд байна. Үүнийгээ дагаад хөдөөгийн малчдын амьдрал боломжийн түвшинд байгаа. Эдийн засгийн гол салбар болох мал сүрэг жил бүр өсч, сум, аймгийн олон аварга малчид төрөн гарч  иргэдийн маань амьдрал дээшилж байна. Мал сүргээ эрүүл байлгахад төр засаг ч сайн арга хэмжээ авч,  малчид маань ч чармайн ажиллаж байна.

 

Иргэдийнхээ тав тухтай, тохилог, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн жил сум бүр “Миний гоё сум” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Танай сум ч 2018 оныг “Тохижилтийн жил”  болгосон. Аж ахуйн нэгж, албан байгууллага, ард иргэдтэйгээ хамтран олон ажлыг санаачлан хийсэн байх?

 

“Миний гоё сум” төслийн хүрээнд манай сум иргэдийнхээ тав тухтай, цэвэр тохилог, аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг хангах зорилгоор бид 2018 оныг   “Тохижилтийн жил” болгон зарлаж  аж ахуйн нэгж, байгуулага, иргэд  өөрийн хөрөнгө, нөөц бололцоонд тулгуурлан нарийвчилсан төлөвлөгөө гарган  сар, улирал бүр гүйцэтгэлийг дүгнэн ажилласнаар сумын өнгө үзэмж дээшилсэн,  аж ахуйн нэгж байгуулагууд  50-иад сая төгрөгийн урсгал засварын ажил хийсэн. Гэр хорооллын иргэдийн хашааны засвар, өнгө үзэмж сайжруулах ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй хийгдэж, 2019 онд  энэ ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөөд байна. Жил бүр л бид иргэдийнхээ амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэхэд анхаарч байгаа. Энэ жил зам ашиглалтад орохтой холбоотойгоор сумын төвийн доторх замд хөрөнгө мөнгөний дутагдалтай ч гэсэн анхаарал хандуулж ажиллана.

 

Өнгөрсөн жил ажлын үзүүлэлтээрээ 24 сумаа тэргүүлж, энэ жил мөн л түүчээлэгчдийн эгнээнд багтсан байна. Жил бүр шилдгээр шалгарах хамгийн гол үзүүлэлтүүд нь юу байдаг вэ?

 

Ажилсаг, бүтээлч  ард иргэд, хөдөлмөрч эвсэг  баг хамт олныхоо зүтгэлээр хоёр жил дараалан аймагтаа амжилтаараа түүчээлэгчдийн эгнээнд багтсандаа баяртай байна. Гол үзүүлэлт бид төрийн бүх талын ажил үйлчилгээг иргэддээ тэгш хүртээмжтэй, чанартай хүргэх зорилтоо гол болгон сум орныхоо хөгжил дэвшлийн төлөө иргэн бүр оролцох, цаашлаад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран сум орноо хөгжүүлэх талд илүү анхаарал хандуулж байна.Сумын засаг даргын 2016-2020 оны  үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт,  Аймгийн засаг дарга сумын засаг даргатай байгуулсан гэрээний биелэлт, мөн сумын эдийн засаг нийгмийн үзүүлэлтүүд шилдгээр шалгарах үзүүлэлт болсон.

 

2018 онд орон нутгийн болон улсын төсвийн нийт хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтаар ямар  онцлох ажлууд хийв?

 

Сумын Эрүүл мэндийн төвийн барилга улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгөөр хийгдэх ба 2018 онд 55 хувийн гүйцэтгэлтэй байлаа. Энэ онд ашиглалтад орно. Тосонцэнгэл-Нөмрөг-Сонгино чиглэлийн замын ажил 60 хувийн гүйцэтгэлттэй хийгдлээ. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвд хоёр сая төгрөгийн өртөг бүхий шээсний анализатор аппарат, хөдөөгийн хоёр багт нэг сая төгрөгийн өртөгтэй мал угаалгын тоног төхөөрөмж, мөн мал нядалгааны цэгийг нэг сая гаруй төгрөгөөр шинэчилэн засварлаж барьсан. Тохижилтийн жилийн хүрээнд    дөрвөн сая орчим төгрөгөөр хүн амын ундны усны худагт засвар үйлчилгээ, баяр наадмын талбайн засвар,  гудамж зам талбайн засварын ажлууд хийлээ. Сумын төвийн төвлөрсөн хогийн цэгийн талбайг замын компанийн туслалцаатайгаар  хоёр жил дараалан дотогшлуулан түрж далан үүсгэн цэвэрлэж, хоггүй сум болох аяныг өрнүүлж хэвшээд  байна. 

 

Сумдын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Танай сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 2019 онд хичнээн төгрөгөөр нэмэгдэв.  Энэ хөрөнгөөр ямар ажил хийхээр төлөвлөж байна.

 

2019 оны орон нутгийн хөгжлийн санд 60.4 сая төгрөг хувиарлагдахаар төлөвлөгдсөн нь өмнөх жилээсээ 37.6 хувиар нэмэгдсэн байгаа. Бид орон нутгийн хөгжлийн сангийн журмын дагуу иргэдээсээ саналаа  авч  олон ажлыг  төлөвлөөд байна. 2018 оны санхүүжилтээс 30 сая төгрөг, 2019 оны санхүүжилтээс 20 сая төгрөг нийт 50 сая төгрөгөөр дунд оврын “Ковш” трактор авах, 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн 35 сая төгрөгөөр “Нийтийн халуун ус” барих зэрэг томоохон ажлууд төлөвлөсөн. Мөн орон нутгийн татварын давсан орлогоос жижиг гэлтгүй олон ажлыг төлөвлөсөн байгаа. 2019 оныг бид “Эрүүл мэндийг дэмжих  жил” болгон зарлаад иргэдээсээ санал хүсэлтийг авч төлөвлөгөөгөө боловсруулан  ажиллаж эхлээд байна.  

 

Орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд сум хөгжүүлэх сангийн хөрөнгө санхүүгийн чухал эх үүсвэр болдог. Энэ хөрөнгийг хэрхэн үр дүнтэй зарцуулж байна. Эргэн төлөлт ямар байгаа вэ?

 

Сум хөгжүүлэх сангийн  зээлийн эргэн төлөлт өмнө нь удаашралтай байсан ч зээл төлүүлэх ажлыг зохион байгуулж, хугацаа хэтэрсэн  зээлдэгч нартай уулзан зээлийг төлүүлж, төлөхгүй байгаа  зээлдэгчдийг хууль хяналтын байгуулагад шилжүүлсний үр дүнд хөрөнгийг эргэлтэд оруулах, ажлын байр нэмэгдүүлэх, өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэдээ зээл олгож,  үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлж байна. 2019 он гараад сумын цагаан сарын үзэсгэлэн худалдаанд 15 иргэн 100 орчим нэр төрлийн бүтээгдхүүнээр оролцож 1.5 сая гаруй төгрөгийн борлуулалт, Улиастай хотод болсон үзэсгэлэн “Хамтын хүч-Хөгжлийн гарц” үзэсгэлэн худалдаанд найман иргэн 48 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 2.4 сая төгрөг, Эрдэнэт хотод болсон “Завхан бренд”  үзэсгэлэн худалдаанд долоон иргэний 23 нэр төрлийн бүтээгдхүүнээр  оролцож 1.8 сая төгрөгийн борлуулалтыг тус тус хийсэн. Энэ бол зөвхөн үзэсгэлэн худалдаанд оролцсон борлуулалтын мэдээг би хэлж байна. Манай үйлдвэрлэл эрхлэгч нар захиалгаар голдуу үйлчилдэг.

Иргэдээ үзэсгэлэн худалдаанд оролцоход нь замын болон тээврийн зардалд нь дэмжлэг туслалцаа үзүүлж,  сум хөгжүүлэх сангаас зээл авч байгаа иргэддээ зээлээ хэрхэн үр ашигтай зарцуулах талаар сургалт сурталчилгааг байнга зохион байгуулж ажиллаж байна.  

 

Хэрэглэгч аймгаас  үйлдвэрлэгч аймагт шилжих зорилтыг хэрэгжүүлэхэд Сонгино сум ямар санаачилга гарган ажиллаж байна. Танай сум ямар бренд бүтээгдхүүнтэй вэ. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэдээ төрийн зүгээс ямар дэмжлэг үзүүлж  байна? 

 

Зорилтын  хүрээнд бид цаашид ямар бүтээгдэхүүнээ бренд болгон хөгжүүлэх вэ гэдэг дээр иргэдээсээ санал авч байгаа. Манай сумын  “Эх-Эв” хоршооны “Нутгийн хишиг” цай бол цэвэр байгалийн органик бүтээгдэхүүнээр хийдэг аймаг, улсад шалгарч байсан бүтээгдэхүүн юм. “Хутагтайн хийц” ХХК-ийн гутал бол бренд бүтээгдэхүүн. Тойргийн сумдаас байнга захиалга авч үйлчилдэг, мөн суран эдлэл хийдэг иргэд голдуу өрхийн түвшинд үйлдвэрлэл эрхэлдэг, оёдлын хоёр цех  байнгын ажиллагаатайгаар иргэддээ  үйлчилдэг, 2018 онд болсон аймгийн үзэсгэлэн худалдаанд манай оёдолчин  Б.Гэрэлчимэг тэргүүн байр эзэлсэн. Орон нутагтаа үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд чанартай, үйлчлүүлэгчийнхээ шаардлагад нийцсэн  байдаг. Төрийн зүгээс  санхүүгийн болон  бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлэн ажиллаж байна.

Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилтын хүрээнд төсөл хөтөлбөрөөс жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын судалгаагаа гаргасан, мөн малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоог нэвтрүүлэхээр хөрөнгө санхүүгээ  төсөвлөсөн.  

 

Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн хатуу хучилттай авто зам энэ онд ашиглалтад орно. Дэд бүтэц хөгжиж байгаа давуу талаа сумынхаа хөгжилтэй хэрхэн уялдуулахаар төлөвлөсөн вэ?

 

Тосонцэнгэл-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км замын ажил 2018 онд амжилттай хийгдэж энэ оны сүүлчээр ашиглалтад өгөхөөр гүйцэтгэгч компиани төлөвлөөд  ажиллаж байгаа. Мэдээж энэ хариуцлагатай компиани хугацаандаа хийж дуусгах нь ойлгомжтой, зам дагаж хөгжил ирнэ. Ард иргэд маань үүнийг ойлгож байгаа. Үйлдвэрлэл, үйлчилгээний цэг байгуулах газар хүссэн олон  хүсэлт өргөдөл  ирж байна. Шатахуун түгээх үйлчилгээний цэгүүд гэхэд таван цэг газар авах хүсэлтээ ирүүлсэн түрүүчээсээ материалаа бүрдүүлээд явж  байна. Гуанз, цайны газар гээд  бусад  олон үйлчилгээний цэгүүд барих хүсэлт ирсэн. Бид орчин үеийн  зах зээлийн шаардлага хангасан үйлчилгээний цэгүүд барих тал дээр илүү анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөөд байна.

 

2019 онд Сонгино суманд хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалтаар ямар бүтээн байгуулалтын ажлууд хийх вэ?  Сум орон нутаг ч өөрийн  нөөц бололцоогоо дайчлан ажиллах байх?

 

Энэ онд өмнөх жилээс ч илүү бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Мөн сум орныхоо өнгө зүсийг засах олон ажлууд төлөвлөгдсөн. Эрүүл мэндийн төвийн шинэ байр ашиглалтад орно. Тосонцэнгэл-Нөмрөг-Сонгнио чиглэлийн 167 км зам ашиглалтад орсноор олон үйлчилгээний цэгүүд шинээр барих учраас оны эцсээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан.  Зам дагаж хөгжил дэвшил ойрхон байгаа гэдэгт итгэл дүүрэн шинэ онтойгоо золгож, хийх ажлаа төлөвлөөд байна.

Улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр нийтийн биеийн тамирын талбай барих, Онцгой байдлын газрын харъяа Улсын нөөцийн цэгийн урсгал засвар, гэрэлтүүлэг хийж, камержуулах, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр сумын төвийг камержуулах зэрэг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан олон ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.

 

 

2019-04-01 12:09:31