СУМ БҮР 2-5 ЖИЖИГ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
1142 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Завхан аймаг “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих” томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Дээрх зорилтоо хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрлэлийн үндсэн таван үе шатыг туулах шаардлагатай юм. Нэгдүгээр үе шат буюу нэн түрүүнд өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор 2016 оноос оёдол, эсгүүрийн сургалт, 2017 оноос эсгий, эсгий эдлэлийн сургалт, 2018 онд ахисан түвшний сургалтуудыг сум бүрт зохион байгуулснаар 4000 гаруй иргэд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна. Үр дүнд нь өнгөрсөн онд Завхан аймгийн аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оноос 2.3 дахин, боловсруулах салбарын үйлдвэрлэл 3.2 дахин өссөн статистик үзүүлэлт гарчээ. Үйлдвэрлэлийн хоёр дахь үе шат бол сумын түвшний жижиг үйлдвэр, цехийг байгуулах явдал юм. Тиймээс бүс нутгийнхаа онцлог, нөөц боломж, давуу тал, эрэлт хэрэгцээнд тулгуурлан жижиг, дунд үйлдвэрлэлийг байгуулж, шинэ ажлын байр бий болгох замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Энэ онд сум бүрт жижиг үйлдвэр байгуулахаар төлөвлөж, аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлдээ 360 сая төгрөгийг төсөвлөөд байгаа бөгөөд дээрх зорилтоо амжилттай хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн төлөөлөгчид, аймаг, сумын удирдлагууд, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын төлөөлөл БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд дөрөвдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд “Завхан түншлэл-2019” бизнес аяллыг амжилттай зохион байгууллаа. Аяллын үеэр урд хөршийн жижиг дунд үйлдвэрлэл хэрхэн хөгжиж буйг бодитоор харж, туршлага судалснаас гадна бизнес уулзалтуудад оролцож, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдтэй танилцлаа. Энэхүү бизнес аялал нь  “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” болох зорилтоо амжилттай хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын чуулганы томоохон бэлтгэл ажил болж, гурван мужтай худалдаа, үйлдвэрлэл, соёл урлагийн салбарт хамтран ажиллахаар болов.  

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл хамтран дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулсан тус хөрөнгө оруулалтын чуулганд 24 сумын Нутгийн зөвлөл, Засаг дарга, эрдэмтэн докторууд, бизнес эрхлэгчид, олон улсын байгууллага, элчин сайдын яамдууд, гадаад дотоодын 350 гаруй хөрөнгө оруулагчид оролцлоо.

 Чуулганыг УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Я.Санжмятав нээж хэлсэн үгэндээ Завхан аймаг бусдыгаа үлгэрлэн хошуучилж, ард иргэдтэйгээ хамтран үйлдвэрлэгч болохын төлөө санаа зорилгоо нэгтгэн тууштай ажиллаж буйг онцлоод хамгийн гол нь дэд бүтцийн асуудлыг маш сайн шийдвэрлэх хэрэгтэйг хэллээ.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Завхан аймгийн үйлдвэрлэлийн хөгжлийн хандлага” сэдвээр мэдээлэл хийлээ. Үйлдвэрлэлийн тэргүүлэх салбар нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, модон эдлэлийн үйлдвэрлэл, жимс, жимсгэний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл хэмээн тодорхойлж боломжит төслүүдийг танилцуулсан юм.

Мөн СЭЗИС-ийн хамтын ажиллагаа, бизнесийн хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Батжаргал “Эдийн засгийн тулхтай хөгжлийн загвар Завхан аймагт”, Монголын ажил олгогч эздийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар “Сумдын түвшинд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх замаар орон нутгийн хөгжлийн дэмжих нь”, СЭЗИС-ийн ректор Мөнхбаяр “Завхан аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөө”, “Сумдын төслийг зээлийн батлан даалтын санд хамруулах нь” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавьж мэдээлэл өглөө.

Хөрөнгө оруулалтын чуулганы үр дүнд сум бүрт бүс нутгийнх нь онцлогт тохирсон 2-5 жижиг үйлдвэр, цех байгуулахаар шийдвэрлэж, нийт 86 төслийг 30 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ. Тухайлбал, ADRA олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр энэ зун Идэр суманд Герман технологиор бага оврын “Бяслагны үйлдвэр” байгуулахаар боллоо.  Тус үйлдвэр нь зуны саруудад 15-20 тонн бяслаг үйлдвэрлэж дотоодын болон гадаадын зах зээлд экспортлоно. Ингэснээр хөдөөгийн иргэдийн амьжирааг дээшлүүлэхээс гадна 10 гаруй ажлын байр шинээр бий болно. 

Завхан аймгийн хөрөнгө оруулагчдын чуулганы үр дүнд бий болох дээрх хөрөнгө оруулалтуудыг дагаж шинэ ажлын байрууд бий болж, Завхан аймаг ирээдүйнхээ хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулах олон чухал төслийг орон нутагтаа хэрэгжүүлэхээр боллоо.

Б.Оюун-Эрдэнэ

 

2019-04-18 16:16:22