Завхан аймгийн хөгжлийн тэргүүлэх салбарын нэг бол аялал жуулчлал юм. Тиймээс аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Санхүү эдийн засгийн их сургууль, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан салбартай хамтран "Завхан аймгийн аялал жуулчлал ба хөгжлийн гарц" форум зохион байгуулж 24 сумын 400 гаруй төлөөлөгч оролцлоо. Энэхүү үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Санхүү эдийн засгийн их сургуулийн ректор Б.Мөнхбаяр нар үг хэллээ.
Тус форум нь Завхан аймгийн байгаль, түүхийн дурсгал, нийгэм соёлын нөөцүүдэд түшиглэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлал дагасан бизнесүүдийг хөгжүүлж аймгийнхаа иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, мөн хамгаалангаа ашиглах "эзэн соёл"-ыг төлөвшүүлэх, орон нутгийн хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлтэй уялдуулан хөгжих цогц бодлого хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох, оролцогчдыг чадавхжуулах зорилготой юм.
Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эмэгтэйчүүд нийгмийн сүлжээг хэрхэн оновчтой ашиглах талаар сонирхолтой илтгэл тавилаа. Энэ үеэр Завхан аймгийн 24 суманд жижиг, дунд үйлдвэрлэл, гар урлалыг хөгжүүлж буй эмэгтэйчүүдийнхээ саналыг авч, тэдний үйлдвэрлэж буй орон нутгийн онцлог шингэсэн бүтээгдэхүүнийг аялал жуулчлалтай холбож гадаад, дотоодын жуулчдыг татах, сум бүрийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгож зах зээлд хэрхэн нэвтрүүлэх талаар ярилцаж, санал солилцов. Сум бүрээс ирсэн эмэгтэйчүүд өөр өөрийн онцлог бүхий бүтээгдэхүүнээ чанарын өндөр түвшинд үйлдвэрлэхэд хэрхэн анхаарч ажиллах талаар үнэтэй зөвлөгөө мэдээлэл авлаа.
Аялал жуулчлалыг түшиглэн нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд хэрхэн ашиг шим хүртэх боломжийг харуулсан үзэсгэлэн гаргаснаас гадна Завхан аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг танилцуулж, оролцогчдоос санал авсан юм.
Завхан аймаг аялал жуулчлалын мастер төлөвлөгөөтэй болсноор аялал жуулчлалын есөн бүсийг тодорхойлж, бүс тус бүрт тохирсон стандартуудаа батална. Ингэснээр бизнес эрхлэгчид стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж жуулчдыг татах боломж бүрдэнэ. Ирэх жилээс дээрх стандартынхаа дагуу жуулчны баазууд барих ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Энэхүү форум нь Завхан аймагт аялал жуулчлалын салбарыг хэрхэн үр дүнтэй хөгжүүлэх чиг хандлагыг тодорхойлж, иргэд болон оролцогч талуудын оролцоог хангах, аялал жуулчлалын салбарын санхүүжилт, дагалдах бизнесүүдийг хөгжүүлэх боломжуудын талаар оролцогчдод нэгдсэн ойлголт өгч, аялал жуулчлалын нэмүү өртгийн сүлжээнд оролцох байр сууриа тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсан үйл ажиллагаа боллоо.