Хүнээ хөгжүүлсэн нутаг орон хөгждөг. Тиймээс Завхан аймаг хүнийхээ хөгжилд чиглэсэн “Оюунлаг Завханчууд” хөгжлийн хөтөлбөр боловсруулан баталж, таван “Сайн” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Сайн эмч” хөтөлбөр юм. Шилдэг боловсон хүчнийхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх, илүү сайн ажиллах урам зориг өгөх, үнэлэмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор шилдэг багшаа 10 сая төгрөгөөр шагнасан бол энэ удаад шилдэг 40 эмч, эмнэлгийн мэргэжилтнээ шалгаруулж, шилдгийн шилдэг эмчээ мөн 10 сая төгрөгөөр урамшууллаа. “Эрүүл мэндийн үйлчилгээний шилдэг ажилтан”, “Шилдэг сувилагч, тусгай мэргэжилтэн”, “Шилдэг багийн эмч” “Шилдэг эмч, эм зүйч”, “Шилдгийн шилдэг эмч” номинациудаар хамт олны санал, цахим санал асуулга , хэрэглэгчийн үнэлгээ гэсэн гурван үе шаттайгаар шалгаруулалтыг хийсэн юм.
Шилдэг 30 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тус бүр 300 мянган төгрөгөөр, есөн эмч, эмнэлгийн мэргэжилтэн тус бүр нэг сая төгрөгөөр шагнуулсан бол Завхан аймгийн “Шилдгийн шилдэг эмч”-ээр Монгол Улсын хүний гавьяат эмч Урианхайн Оргил тодорч 10 сая төгрөгөөр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ. Мөн сум бүр “Шилдэг эмч”-ээ шалгаруулж нэг сая төгрөгийн үнэ бүхий малаар малжуулснаар нийт 60 гаруй эмч шагнал хүртэв.
Завхан аймаг “Сайн эмч” дэд хөтөлбөрийнхөө хүрээнд эмч, эмнэлгийн ажилчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, багаж, тоног төхөөрөмжөө шинэчилэх, эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, эмчилгээ үйлчилгээгээ сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар тоног төхөөрөмжүүдээ шат дараатай шинэчилснээр Улаанбаатар хотод хийж буй эмчилгээ, үйлчилгээг орон нутагтаа эхлүүлсэн билээ. Тухайлбал, 2017 онд 500 гаруй сая төгрөгийн өртөг бүхий бөөрний гемодиализийн аппарат, 2018 онд 650 сая төгрөгийн өртөг бүхий дурангийн мэс заслын болон нүдний болор солих хагалгааны иж бүрэн төхөөрөмжтэй болж, эмч мэргэжилтнүүдээ гадаад, дотоодод сургаж дадлагажуулснаар иргэдэд хүргэх үйлчилгээгээ улам ойртуулж, чанаржуулсаар байна. Энэ жил аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 6.5 сая төгрөг тусгасны үр дүнд аймгийн Нэгдсэн эмнэлэг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гуравдугаар төв эмнэлэгтэй телемедицинээр шууд холбогдож мэргэжил арга зүйн зөвлөгөө авах, хүнд өвчтөнүүдийг орон нутагтаа эмчлэх боломж бүрдлээ. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуультай хамтран сургалтууд зохион байгуулж, гадаад, дотоодод нарийн мэргэжлийн эмч нараа сургах, дадлагажуулах ажлыг амжилттай хэрэгжүүлсээр байна. Завхан аймгийн хүн амын 30 гаруй хувь нь хүүхэд байдаг тул тэдэнд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор сум бүрийг хүүхдийн нарийн мэргэжлийн эмчтэй болгох зорилт тавьж, өнөөдрийн байдлаар долоон сум хүүхдийн нарийн мэргэжлийн эмчтэй болж, 11 сумын эмч суралцаж байгаа юм.
Энэ мэтээр Завхан аймаг эрүүл мэндийнхээ салбарт тулгамдаж буй асуудлыг шат дараатай шийдвэрлэж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч байна.
Б.Оюун-Эрдэнэ