Завхан аймаг хүнийхээ хөгжилд чиглэсэн таван “Сайн” дэд хөтөлбөр боловсруулан баталж, амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Сайн оюутан” хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сарын 17-ны өдөр “Завхан хөгжлийн шийдэл-2019” оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай шилдэг боловсон хүчин, шинэ үеийн манлайлагчдыг бэлтгэн гаргах зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн эрдэм шинжилгээний бага хуралд оюутнууд нийт 31 илтгэл ирүүлснээс 2-р шатанд шилдэг 10 илтгэлийг хэлэлцүүллээ. Шинжлэх ухааны үндэслэл, сэдвийн боловсруулалт, шинэ санаа зэрэг хэд хэдэн шалгуур үзүүлэлтээр шилдгүүдээ тодруулсан юм.
Тэргүүн байранд МУИС оюутан Б.Баянжавзан “Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошууны нэрт зураач, бурханч Л.Ламжавын бүтээлийн өвөөс олдсон эртний нэгэн гар бичмэл сударт хийсэн судалгаа” илтгэлээр, дэд байранд Хууль сахиулахын их сургуулийн оюутан Б.Оюунжаргал “Завхан аймгийн өрсөлдөх давуу тал буюу хөгжлийн тулгуур салбар: Мод, модон эдлэл боловсруулах үйлдвэр” илтгэлээр, гуравдугаар байранд СЭЗИС-ийн оюутан Ж.Баярсайхан, Б.Баяржаргал нар “Малын индексжүүлсэн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх боломж, арга замууд /Завхан аймгийн жишээн дээр/” илтгэлээр тус тус шалгарлаа. МУИС-ийн оюутан Б.Ширэндэв “Бэгзийн Явуухулангийн уран бүтээл дэх хайрлахуй, бахархахуй, оршихуйн мөн чанарыг судлах нь” сэдвээр, МУБИС-ийн оюутан Г.Ариунаа “Орон нутгийн хөгжлийн сангийн жилийн гүйцэтгэлийн өнөөгийн байдал, иргэдийн оролцоо, цаашдын хандлага” сэдвээр судалгаа хийж тусгай байрт шалгарав.
“Сайн оюутан” дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит “Оюутны тэтгэлэг”-ийг тодорхой шалгуур үзүүлэлт хангасан Улаанбаатар хот болон Завхан аймагт суралцаж буй 25 оюутанд олгох юм. Тиймээс энэ удаагийн эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд илтгэлээ ирүүлсэн оюутнууд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахахд нэг алхам ойртсоныг аймгийн Засаг дарга энэ үеэр онцоллоо. Мөн дараа жилийн хуралд илүү олон оюутан төрөлх нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах далайцтай бүтээлүүдээр оролцоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.