Завханчууд оюуны соёлын үнэт өв болсон босоо Монгол бичгээ хэрэглэх, түгээн дэлгэрүүлэх, хүн бүр уншиж, бичих чадварыг эзэмших, монголоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Миний Монгол-2025” хөтөлбөр эхлүүллээ.
Монгол Улс 2025 оноос албан бичгээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна. Тиймээс УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын санаачилгаар, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Боловсрол соёл урлагийн газар хамтран “Миний Монгол-2025” хөтөлбөрийг 2021 он хүртэл гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд босоо монгол бичгээ өнө удаан жил уламжлан хадгалж яваа Өвөр Монголын Өөртөө Засах Орны Монгол хэлэн зүйн эрдэмтэн доктор, нэрт уран бичигтэн Ийшийн Сувади, Отог өмнөд хошууны монгол дунд сургуулийн удаан жилийн захирал Толгарын Вандинбуу, Отог өмнөд хошууны ажил мэргэжлийн сургуулийн багш Ө.Одгэрэл нар хамтран ажиллаж 800 гаруй цагийн сургалт явуулж байна.
Энэхүү сургалтаар нэн тэргүүнд Монгол уран бичлэгийн чадварыг багш, сурагчдад эзэмшүүлэх юм. Учир нь уран бичлэг бол эртний уламжлалт соёл, эрдэм мэдлэг, оюуны боловсрол, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг бийрийн урлаг төдийгүй хэрэглээний хувьд ч үнэ цэнэтэй бүтээл төрдөг.
Сургалтад Завхан аймгийн 24 сумын Ерөнхий боловсролын 29 сургуулийн 7-11 дүгээр ангийн 200 хүүхэд, 80 багшийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжийн 10 хоногийн сургалтыг дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхэлж, урд бүсийн 11 сумын 15 сургуулийн 100 хүүхэд, 37 багш, сонирхогчид амжилттай суралцаж төгслөө. Тэд өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн монгол бичгээ сайн судалж, уран бичлэг, бийрэн бичлэгийг анхан шатнаас нь суралцаж, бүтээл туурвих чадвартай болжээ. Мөн сургалтад хамрагдсан багш, сурагчид сурсан мэдсэн зүйлээ цааш нь бусад хүүхэд, ард иргэдэд түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хүчин зүтгэнэ гэдгээ илэрхийлж байв.
ӨМӨЗО-ны эрдэмтэн багш нар Завхан аймгийн хүүхдүүд богино хугацаад өндөр ур чадвар эзэмшиж буйг сайшаан магтаж, чин сэтгэлийн талархал илэрхийлж байлаа. ӨМӨЗО-ны “Хатан ухаан” ХХК-ийн захирал Ийшийн Сувади 15 багш, амжилттай суралцсан сурагчдыг өөрийн нутагтаа суралцуулахаар төлөвлөж байсан бол багш, сурагчдын монгол бичгээ илүү сайн сурч, арвин мэдлэг өвөртлөхийг зорьж буй их хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэлийг нь үнэлж нийт 30 багшийн зардлыг аймагтай хамтран хариуцаж ӨМӨЗО-нд 14 хоногийн хугацаанд суралцуулахаар шийдвэрлэлээ.
Хоёрдугаар ээлжийн бүсийн сургалт Тосоцэнгэл суманд тавдугаар сарын 4-өөс эхэлж зүүн бүсийн 13 сумын 14 сургуулийн 100 сурагч, 43 багш хамрагдаж байна.
Цаашид сургалтад хамрагдсан хүүхдүүд багш нартайгаа хамтран бусдадаа зааж сургах замаар ирэх намар гэхэд 500 сурагчид Монгол уран бичлэгийн чадварыг эзэмшүүлэхээр төлөвлөөд байна.
Б.Оюун-Эрдэнэ