Аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж буй “Сайн малчин” дэд хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сарын 22-28-ны өдрүүдэд сум бүр “Малчдын зөвлөгөөн”-өө амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд 5700 гаруй малчин идэвхтэй оролцож санал хүсэлтээ илэрхийлснээс гадна малын генетик нөөц, мал амьтны эрүүл мэндийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Монгол Улсын хэмжээнд Завхан аймаг анх удаа хэрэгжүүлэхээр төлөвлөж буй малын эрүүл мэндийн цахим системийн талаар нэгдсэн мэдээлэлтэй болж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ.
Энэ үеэр малын эрүүл мэндийн цахим системийг мал эмнэлэг үржлийн тасаг, хөдөө аж ахуйн тасагтайгаа хамтран сумандаа хэрэгжүүлэх малчдаа сонгож, ажлын хэсгүүдээ байгуулав.
Тухайлбал, Баянхайрхан сумын 300 гаруй малчин зөвлөгөөндөө оролцохоор бүгд морио унаж иржээ. Энэ үеэр мориороо малаа малладаг монгол малчны онцлог хэв шинжийг харуулсан 80 морьтой малчны жагсаал, үзүүлэх тоглолтыг зохион байгуулсан нь уламжлалт ахуй соёлоо дээдлэн хөгжүүлэх чухал үйл ажиллагаа болсныг онцоллоо. Чуулганы үр дүнд хээлтэгч, хээлтүүлэгч малын тохироог хангах, үүлдэг угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор сартуул үүлдрийн хуц, буурал омгийн ухныг сүргийн бүтцэд нэвтрүүлэх, өвөлжөө, бууцыг бүрэн ариутгалд хамруулах ажлыг хийх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байна. Мөн энэ үеэр уламжлалт ахуй соёлоо дээдлэх, хөгжүүлэх зорилгоор ардын урлагийн наадам зохион байгуулж, монгол малчны эдлэл хэрэглэлээ бусдадаа үлгэр дуурайлал үзүүлэх хэмжээнд бүрэн зөв эдэлж ашиглаж буй малчдаа шалгаруулж, малчин-үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргажээ.
Завхан аймаг малын эрүүл мэндийн цахим систем нэвтрүүлснээр мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн зах зээлд өндөр үнэтэй борлогдох нөхцөл бүрдэж, малчдын ашиг орлого нэмэгдэнэ. Тиймээс энэ тогтолцоог 24 суманд нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахад шаардагдах 105 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймаг, сумдын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлээд байна.
Б.Оюун-Эрдэнэ