ТҮДЭВТЭЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА Н.ДАМДИНБАЗАР: СУМЫН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БОЛЛОО
1010 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

 Түдэвтэй сумын хаваржилт, мал төллөлт ямар байгаа зэрэг хөдөө аж ахуйн салбарынхаа цаг үеийн асуудлаар эхлээд мэдээлэл өгөөч?

 

Манай сумын мал сүрэг тарган, малчдын сэтгэл өөдрөг сайхан байна. Өнгөрсөн намар хуурайшилт ихтэй, өвсний хугаралт их байсан ч өвсөндөө таарсан цастай дулаахан сайхан өвөл болж өнгөрлөө. Цаг агаарын төлөв байдал нь  малчдын сэтгэл зүйд нөлөөлж байдаг учраас өвөл нь өнөтэй, цаг агаар нь сайхан болохоор малчдын сэтгэл зүй ч таатай байх юм. Сумын засаг дарга, хүний их эмч, багийн Засаг дарга, багийн эмч, татварын байцаагч гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хөдөөгийн дөрвөн багийнхаа бүх өрхөөр орж малчдын санал бодлыг сонссон. Өвөл, хавар хөдөөний багт ажиллахад өвс тэжээлийн болон бусад тулгамдсан асуудлууд их, санал хүсэлт цөөнгүй байдаг. Энэ жилийн хувьд цаг агаар сайхан байсан болохоор ард иргэд ч гэсэн сэтгэл зүйн хувьд тайван, янз бүрийн санал хүсэлт байхгүй амгалан байлаа. Мал төллөж, хөдөөний малчны хотонд төлийн дуу цангинаж, малчин түмний маань хаврын нөр их ажил өрнөж байна даа.

 

Танай сумын мал аж ахуйн салбар өнгөрсөн жил ямар ололт амжилттай байв. Цаашид энэ салбараа хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

 

2018 оны жилийн эцэст мал 127.840 хүрч түүхэндээ хамгийн олон мал тоологдсон. Хөдөө аж ахуйн салбарт ажлын үзүүлэлтээр аймгийн аварга малчны болзлыг дөрвөн малчин, сумын аварга малчны болзлыг 10 малчин, сумын алдарт уяачийн болзлыг зургаан уяач тус тус хангалаа. Цаг уурын өөрчлөлт ихтэй болсон өнөө үед мал аж ахуйн салбарыг, газар тариалангийн салбартай хослуулан хөгжүүлэх нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байна. Манай сум нь газар тариаланг эрхлэх хүсэлтэй иргэд, тариаланчдад 2018 онд 200 га, 2019 онд 200 га газрыг тариалангийн зориулалтаар эзэмших эрхийг олгоод байна. 2018 онд малын тэжээлийг 30 га талбайд тарьсан бөгөөд цаашид 400 гаас 600 га талбайд малын тэжээл тариалах ажлыг эхлүүлээд байна. Малын тоо толгой ихээр өсч, бэлчээрийн даац хэтэрсэн өнөө үед малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан өсгөх малын үүлдэрлэг, таваарлаг чанарыг сайжруулах талаар сургалт зөвлөгөөнийг зохион байгуулан ажиллаж байна. 2018-2022 он хүртэлх сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг Мерси кор олон улсын байгууллагатай хамтарч боловсруулсан. Энэ төлөвлөгөөнд үндэслэн бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын төслийг боловсруулан малчдын зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн дэмжигдсэн байна. Сум орон нутгийн хэмжээнд малчид мал бүхий иргэдтэйгээ ажиллах хууль эрх зүйн бичиг баримтуудыг боловсруулан гаргаснаар ажлын эхлэлүүд тавигдаж байгаа.

 

2018 онд Түдэвтэй сумын ОНХСанд 50.5 сая төгрөг хуваарилагдсан байдаг. Энэ хөрөнгөөр юу хийсэн бэ. Мөн сум хөгжүүлэх сангийн зээлийнхээ талаар мэдээлэл өгөөч?

 

Сумын нийт иргэдээс санал авч эрэмбэлснээр Аргалант багийн төвийн барилга барихад 15 сая төгрөг, стандарт гал команд байгуулахад 10 сая төгрөг, малын тэжээл тариалахад таван сая төгрөг, спорт тоглоомын талбай байгуулахад найман сая төгрөг, эрсдлийн санд 4.5 сая төгрөг, хогийн цэгт хашаа барихад нэг сая төгрөг, Ар Улаагчин голын гүүр засварлахад 0.5 сая төгрөг, Цоргын голын гүүр засварлахад 0.5 сая төгрөг, хаягжуулалт, замын тэмдэг тэмдэглэгээ хийхэд нэг сая төгрөгийг зэргээр багагүй ажил хийж гүйцэтгэлээ. Манай сум таван багтай. Хөдөөгийн дөрвөн багаас Аргалант багийн төвийн барилгын асуудлыг шийдвэрлэсэн. Хөдөө орон нутагт амьдарч байгаа бидний хашаа байшин, гэр гээд бүх зүйлс нь амьжиргааны үндсэн хөрөнгө юм. Гэвч галын аюулд өртөхгүй гэсэн баталгаагүй учраас сум бүхэнд гал команд байх шаардлагатай гэж боддог. Энэ асуудлыг өөрийн нөхцөл бололцоонд тулгуурлан шийдэх зорилгоор 10 сая төгрөгөөр Солонгос улсаас орж ирсэн хуучин фортер машиныг, усны сав, помп, үлээгч хөрөөний хамт худалдан авч, гал командад байрлуулсан. Сумын аюулгүйн нөөцөд өвс тэжээл бүрдүүлэхэд нилээд их зардал гардаг учраас их хэмжээгээр өвс бэлтгэх боломж маш бага байдаг.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд усалгаатай таван га талбайд малын тэжээлийг тариалсан. Сумандаа цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар зураг төслөө гарган ажиллаж байна. Жил бүрийн ОНХСангаас нэг асуудлыг шийдвэрлэж байгаа. Энэ онд сагс, гар бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөсөн.                                           

                                                

Жил бүр сумдын ОНХС-ийн хөрөнгө нэмэгдсээр байгаа. Хамгийн гол нь энэ хөрөнгийг үр дүнтэй зарцуулах нь чухал байна. Энэ онд танай сумын ОНХС-д хэдэн төгрөг хуваарилагдаж, хэрхэн зарцуулахаар төлөвлөв?

 

ОНХС-ийн хөрөнгийг улам л нэмэгдүүлэх хэрэгтэй гэж боддог. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Яг энэ дарааллаар явах ёстой сумаа засаад аймгаа зас, аймгаа засаад улс нийслэлээ зас гэж. Тэгэхгүйгээр улс нийслэлээ засаад аймгаа зас, аймгаа засаад сумаа зас гэсэн буруу дарааллаар явахаар нэг газраа хамаг юм нь төвлөрөөд тэрийгээ дагаж хүн ам нь бөөгнөрч хөдөө газар нь эзгүйрч байна. Манай суманд энэ жил 58.380.000 төгрөг хуваарилагдсан.

Сургуулийн гэр өргөөнд техник хэрэгсэл авахад гурван сая төгрөг, эрсдлээс хамгаалах санд 5.850.000 төгрөг, малын эрүүл мэндийн цахим системд 2.5 сая төгрөг зарцуулна. Хөдөө орон нутагт бага оврын ковш маш чухал. Хогийн цэгт хогийг түрж янзлах, малчдын өвөлжөө бууцыг түрэх гээд хэрэгцээ ихтэй. Энэ онд нэгдсэн хогийн цэгийг багасгах, ачиж цэвэрлэх, тохижуулах ажил хийгдэнэ.Сумын төвд бага насны хүүхдийн тоглоомын талбай бий болгоно.

 

Түдэвтэй сумын Цорго баг Завхан аймгийн 116 багаас 2018 оны ажил үйлсээрээ түүчээлэгчдийн эгнээнд багтсан байна. Бусад багуудад туршлага болохуйц шинэлэг ажлуудынхаа талаар мэдээлэл өгвөл?

 

 Аливаа ажлыг зохион байгуулж, хийж хэрэгжүүлэхийн тулд хүлээж авах нөхцөлийг бий болгоно. Манайд нэг авч хэрэгжүүлсэн ажил бол төрийн бус байгууллагуудын ажлыг эрчимжүүлж, иргэдийн идэвхийг сайжруулсан. Эмэгтэйчүүдийн байгууллага, ахмадын байгууллага, залуучуудын байгууллага гээд ямар нэгэн ажил зохион байгуулахад хүлээж авч байгаа иргэд идэвхтэй байна гэдэг л амжилтын үндэс болсон доо.

 

 

Танай суманд тулгамдаж буй асуудал бий юу?

 

Манай сум социалист нийгмийн үеэс тойргийн есөн сумын бүсийн төвийн статусаар хөгжиж ирсэн. Одоо энэ статусаа хадгалсан хэвээр Сум дундын эмнэлэг, Цагдаагийн хэсэг, Улсын нөөцийн газар гэх мэт байгууллагууд ажиллаж байна. Сум орон нутагт тулгамдсан асуудлууд цөөнгүй байна. Гол асуудал нь Сум дундын эмнэлгийг Нэгдсэн эмнэлэг болгож орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах асуудал маш чухал байна. Энэ нь зөвхөн Түдэвтэйчүүдийн асуудал биш, хойд бүсийн есөн сумын 17 мянган иргэдийн асуудал. Эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулах цаг болсон. Өнөөдөр манай сумаас хамгийн хол Тэс сум 100 километр, Тэс сумын цаад захын баг 30-50 километр, олгой ургасан хүн 150 километр явж Түдэвтэй суманд ирдэг. Энд асуудал шийдэгдэхгүй бол аймгийн төв 200 километр, нийт 350 километр явж очно. Дунд нь ямарч эрсдэл гарч болно. Энэ байдлыг одоо шийдэх цаг болсон. Сумын эмнэлгийг хөгжүүлэх боломжгүй бол бүсийн төвийн статустай эмнэлэгийг хөгжүүлэх хэрэгтэй байна.

 

2019 он гараад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Түдэвтэй суманд ямар онцлох ажил өрнөв?

 

2019 он гараад сум орон нутаг болон хойд бүсийн суманд олон үйл ажиллагаа боллоо. Сар шинийн баяраар хөдөө аж ахуйн салбарын шилдгүүдээ тодруулж шагналаа. Ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх, Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, Малчдын зөвлөгөөн зэрэг томоохон үйл ажиллагаануудыг зохион байгууллаа. Малчдын зөвлөгөөний үеэр тулгамдсан асуудлуудын гарц, арга зам, шийдлийг ярилцлаа. Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын төслийг хэлэлцүүлж, малчдын саналыг тусгаж зөвлөгөөнөөс дэмжсэн шийдвэр гарлаа. Мөн гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилт хийлээ.

 

Сумаа илүү өнгө үзэмжтэй, цэвэр байлгахад иргэн бүрийн оролцоо чухал. Түдэвтэй сумын иргэд амьдрах таатай орчноо бүрдүүлэх тал дээр хэр идэвх санаачилга гаргадаг вэ.Энэ онд сумынхаа ард иргэдтэй хамтран хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байна?

 

Иргэдтэйгээ хамтарч хийх хоёр ажил бий. Нэгдүгээрт, нэгдсэн хогийн цэгийн талбайг багасгаж цэвэрлэнэ. Нийт талбайн гуравны хоёрыг ачиж шууна. Цэвэрлэх талбай дээр иргэдийн оролцоо хэрэгтэй. Хоёрдугаарт, Цэцэрлэгт хүрээлэн байгуулахад мөн иргэдийн оролцоо чухал.                                                                                                                  

Сум орны өнгө үзэмжид, амьдрах орчиндоо санаа зовдоггүй хүн ховор байх. Сумын түүхт 90 жилийн ойн үеэр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт ихтэй байсан. Мөн хоггүй сум болох зорилтын хүрээнд маш олон ажил хийлээ. Энэ бүхний үр дүнд сум өнгө үзэмжээ засаж, иргэд маань сэтгэл ханамж сайтай байна.

 

2019 онд улсын болон орон нутгийн төсвийн хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж Түдэвтэй сумын өнгө төрх хэрхэн өөрчлөгдөх бол?

 

2019 онд улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 200 хүний суудалтай шинэ “Соёлын төв” баригдана. 2019 онд 700 гаруй сая төгрөгийн ажил хийгдэнэ. 2020 онд үлдсэн хөрөнгө нь тавигдаж ашиглалтад орно. Шинэ “Соёлын төв”-тэй болно гэдэг том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, иргэдийн хүлээж байсан чухал ажил юм. Мөн улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар биеийн тамирын талбай байгуулна. Биеийн тамирын талбайг цэцэрлэгт хүрээлэнтэй нэгтгэж хийхээр төлөвлөж байгаа. Энэ бүтээн байгуулалтууд сумын иргэдийн сэтгэлд нийцсэн цогц асуудал болж шийдэгдэх байх. Цэцэрлэгт хүрээлэн дотроо бүжгийн талбайтай, усан оргилууртай, бага насны хүүхдийн тоглоомын талбайтай, тойрсон засмал замтай, сандал гэрэлтүүлэгтэй, дотроо худагтай, цэцгийн мандлууд, зүлэгтэй, 334 мод тарьсан том бүтээн байгуулалт хийнэ. Орон нутгийн төсвөөс цэцэрлэгт хүрээлэн доторх гүний худгийн асуудлыг шийдсэн. Энэ мэтээр 2019 онд олон ажлууд хийхээр төлөвлөөд байна.

 

 

2019-04-30 13:32:34