ЗАВХАН АЙМАГ “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ” УРИАН ДОР ХҮҮХДИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
588 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 210 дугаар тогтоолоор 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан. Завхан аймаг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн нээлтийн ёслолыг хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зохион байгууллаа. Мөн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” төсөлтэй хамтран 2021 оныг хүртэл хүүхдэд ээлтэй орчин нөхцөл бүрдүүлж, хүүхэд бүрт ээлтэй орон нутаг байхын тулд Завхан аймаг санаачилгатай ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 6 сарын 1-ний өдөр дөрвөн хүүхэд төрүүлсэн ээжид алдарт эхийн хоёрдугаар одон, зургаа буюу түүнээс олон хүүхэд төрүүлсэн ээжид алдарт эхийн нэгдүгээр одон гардуулдаг. Завхан аймгийн хэмжээнд 2019 онд 14 ээжд алдарт эхийн нэгдүгээр одонг, 197 ээжд алдарт эхийн хоёрдугаар одонг гардууллаа. Мөн Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэн Удвал төрийн дээд одон “Алтан гадас одон”-гоор, Завхан аймгийн Улиастай сумын иргэн Ж.Саранчимэг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагнуулав.

Завхан аймгийн Засаг даргын “Сайн багш” дэд хөтөлбөрийн гол шалгуур нь хүүхдийн хөгжил юм. Хүүхдээ хөгжүүлж, хүсэл сонирхолд нь тулгуурлан амжилтыг нь ахиулах нь сайн багшийн нэг чадвар. Тэгвэл Завхан аймаг өөрийгөө нээн хөгжүүлж тухайн жилд амжилт гаргаж, аймгийнхаа нэрийг улсад төдийгүй дэлхийд цуурайтуулсан хүүхдүүдээ энэ өдөр урамшуулдаг заншилтай. Мөн Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар Аймгийн Хүүхдийн Нэгдсэн Зөвлөлтэй байнга хамтран ажиллаж хүүхдүүдийн санаа бодлыг сонсож ажилладаг.

Завхан аймаг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хүүхэд гэр бүлээрээ баяр хөөр, аз жаргалаар дүүрэн өнгөрүүлэх боломжийг олгох зорилгоор “Жаргалтай гэр бүл” аав, ээж, хүүхдийн оролцоот тэмцээнийг зохион байгууллаа. Зургадугаар сарын нэгэн, хоёрны өдрүүдэд “Авто машингүй Улиастай хот” нэгдсэн үйл ажиллагааг өрнүүлж “Товцог хайрхны Их оргил”-ын чиглэлд явган аялал, “Унадаг дугуйн аялал” зэрэг олон нийтийг хамарсан ажлуудыг өрнүүллээ. Мөн “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын “Завханхангай” орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Аавын татсан тамхины мөнгөөр...” гар зургийн уралдаан, “Бид тамхигүй ирээдүйг хүсч байна” зохион бичлэгийн уралдааныг зохиолоо. “Олимпизм ба бие бялдарын хүмүүжил” сэдэвт спортын АХА, “Гурвын эсрэг гурав” сагсан бөмбөгийн тэмцээн, “Мини волейбол”-ын тэмцээнүүдийг зохион байгууллаа.

2019-06-02 13:25:01