ЗАВХАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР 90 ЖИЛИЙН ТҮҮХИЙГ БҮТЭЭЛЭЭ
659 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй, чанартай хүргэх хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлсээр ирсэн Завхан аймгийн эрүүл мэндийн салбар түүхт 90 жилийн ойн баяраа 2019 оны наймдугаар сарын 9-10-ны өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын үйл ажиллагаанд Завхан аймгийн эрүүл мэндийн салбарт сэтгэл зүрх, мэдлэг ур чадвараа харамгүй зориулсан ахмад буурлууд, алдар гавьяатнууд, өнөөдөр тус салбарт ажиллаж буй нийт ажилчдын төлөөлөл 600 гаруй хүн оролцов. Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Эрүүл мэндийн яамны Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Гэрэлт-Од, Эрүүл мэндийн газрын дарга  Ч.Дэмчигсүрэн, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Цогзолмаа, Монгол улсын Хүний гавьяат эмч У.Оргил, Ж.Биндэръяа, Ө.Мангалбазар, У.Цогзолмаа, Монгол Улсын эрүүлийг хамгаалахын  гавьяат ажилтан, Анагаах ухааны доктор Ц.Содномпил нарын хүндэт зочид төлөөлөгчид оролцож баярын мэндчилгээ дэвшүүллээ.

 

Хүнээ хөгжүүлсэн нутаг орон хөгждөг. Тиймээс Завхан аймаг хүнийхээ хөгжилд чиглэсэн “Оюунлаг Завханчууд” хөгжлийн хөтөлбөр боловсруулан баталж, таван “Сайн” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Сайн эмч” хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд эмч, эмнэлгийн ажилчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, багаж, тоног төхөөрөмжөө шинэчилэх, эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, эмчилгээ үйлчилгээгээ сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт,  олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар тоног төхөөрөмжүүдээ шат дараатай шинэчилснээр Улаанбаатар хотод хийж буй олон төрлийн эмчилгээ, үйлчилгээг орон нутагтаа эхлүүлсэн билээ. Түүнчлэн шилдэг боловсон хүчнийхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх, илүү сайн ажиллах урам зориг өгөх, үнэлэмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор энэ жилээс эхлэн шилдгийн шилдэг эмчээ 10 сая төгрөгөөр, шилдэг есөн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг тус бүр нэг сая төгрөгөөр, 30 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг тус бүр 300 мянган төгрөгөөр шагнаж, сум бүр “Шилдэг эмч”-ээ шалгаруулж нэг сая төгрөгийн үнэ бүхий малаар малжуулж буй нь цаг үеэ олсон чухал шийдэл болсныг цохон тэмдэглэв. Энэ мэтээр Завхан аймаг эрүүл мэндийнхээ салбарт тулгамдаж буй асуудлыг шат дараатай шийдвэрлэхэд онцгойлон анхаарч буй амжилт бүтээлийг нь үнэлж Монгол улсын ерөнхийлөгчийн 143 дугаар зарлигаар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийг “Алтан гадас” одонгоор шагналаа.

Түүхт ойн баярын хуралд 400 гаруй зочид төлөөлөгчид оролцож, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн илтгэлдээ аймгийн эрүүл мэндийн салбарын түүхэн хөгжил, 90 жилийн  түүхийн хугацаанд гаргасан ололт амжилт, эмчилгээ оношилгоондоо нэвтрүүлсэн олон шинэ технологи, үр дүнгийн талаар дурьдаад алтан гарт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Завхан аймгийн хүн амыг 73.3 мянгад хүргэж, дундаж наслалтыг 70.5 болоход түүхэн үүрэг гүйцэтгэснийг онцоллоо.

 

Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Монгол Улсын Засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Эрүүл мэндийн яамны “Хүндэт жуух бичиг”, АШУҮИС-ийн “Эрдэнийн очир” шагнал, Клиникийн профессор, Монголын залуучуудын эвлэлийн шагнал, сувилахуйн долоон төрлийн шагнал, аймгийн хүндэт тэмдэг, “90 жилийн ойн хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнаж урамшууллаа.

 

2019-08-17 01:40:51