ЗАВХАН АЙМАГТ СУРГАН, ЗААХ АРГА ЗҮЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 60 ЖИЛИЙН ОЙ БОЛОВ
488 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

БНМАУ-ын Гэгээрлийн хэлтсийн даргын 1959 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 15 тоот тушаалаар Завхан аймгийн Заах арга, сурган хүмүүжүүлэх ухааны кабинетыг албан ёсоор байгуулж, 1964 оноос Сургалт заах аргын кабинет, 1991 онд Судалгаа арга зүйн төв, 1996 онд Боловсролын төв, 2001 онд Боловсрол, соёлын төв, 2003 онд Боловсрол, соёлын газар, 2013 онд Боловсролын газар, 2015 онд Боловсрол соёлын газар, 2016 оноос хойш Боловсрол, соёл урлагийн газар болон өргөжсөн тус байгууллагын түүхт 60 жилийн ой наймдугаар сарын 15-17-ны өдрүүдэд өргөн дэлгэр болов.

 

Ойн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан,  БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Монгол улсын Ардын багш Ү.Маам, Монгол Улсын гавьяат багш Ө.Чулуунбаатар, С.Цэрэндулам, У.Дэмбэрэлнямбуу, А.Дэмбэрэлнямбуу, Н.Цэрэндолгор, доктор, дэд. профессор Б.Дэмид, сурган заах арга зүйн байгууллагад ажиллаж байсан арга зүйч мэргэжилтэн н.Сольхүү, Б.Лхамрагчаа, Я.Нарангэрэл, М.Гүрсэд, Л.Базардаргиа, Д.Түмэн-Өлзий, Д.Чойжилсүрэн ажилтан Д.Лхүндэв, Д.Даваа, М.Маналжав, Чимэгмаа нар болон Монгол улсын гавьяат багш Р.Маабазар агсны гэргий Д.Чанцаа, хүү “Бодрол” сангийн тэргүүн М.Батболд, аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, соёлын төвийн эрхлэгч зэрэг 350 гаруй хүндэт зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.

Завхан аймгийн Боловсрол, соёл урлагийн газар түүхт ойн баяраа угтаж олон бүтээлч ажил өрнүүлсэн байна. Тухайлбал, “Боловсрол соёлыг түүчээлсэн бүтэн жарны түүх” түүхэн замналын ном,  “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” сэдэвт онол практикийн үндэсний 1-6 дугаар хуралд Завхан аймгаас шалгарсан шилдэг бүтээлүүдийн эмхэтгэл, “Багшлах арга зүй-1, 2, 3” сайн хөтөлбөрийн эмхэтгэлүүдийг тус тус эрхлэн гаргаж, орон нутгийн AIR1 телевизтэй хамтран “Шинэ жарны эхэнд” баримтат кино бүтээж үзэгчдийн хүртээл болгожээ. Эдүгээ 60 жилийн бахархам түүхийг бүтээж багш нарын мэргэжил,  ур чадварыг дээшлүүлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж буй тус байгууллага “Гэгээн эрдмийн өргөө” дуутай болсон байна. Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан багш, ажилчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан”, “Соёлын тэргүүний ажилтан” , БСШУСЯамны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнуулав.

 

“Завхан аймгийн боловсрол, соёл урлаг: Түүхэн замнал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт онол, практикийн бага хурал болов

 

Онол, практикийн бага хурлыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, техникийн ухааны магистр С.Ганчимэг нээж, Боловсрол судлалын ухааны доктор, дэд профессор, эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дэмид удирдан явууллаа. Хурлын үйл ажиллагааг хоёр хэсэгтэй зохион байгуулж, академич Н.Бэгз “Завханыхны эрдэм номын уламжлал ба аймгийн сургалт-арга зүйн байгууллагын хөгжил дэх хүний хүчин зүйл” сэдвээр, Боловсрол судлалын ухааны доктор, дэд профессор Б.Дэмид “Хөгжүүлэх сургалтын арга зүй” сэдвээр тус тус хүндэтгэлийн илтгэл тавив. Онол практикийн бага хурлын хоёрдугаар хэсэгт “Завхан аймагт Ерөнхий боловсролын сургууль үүсэж хөгжсөн түүхэн замнал”, “Завхан аймгийн соёл, урлагийн байгууллагын үүсэл, хөгжил” “Завхан аймгийн 1990 оноос өнөөг хүртэлх боловсролын хөгжил, өөрчлөлт  түүнд Боловсрол, соёл, урлагийн газрын хувь нэмэр, оролцоо”, “Ерөнхий боловсролын сургуулийн өрсөлдөх чадварыг үнэлэх, түүнийг дээшлүүлэх боломж”, “Насан туршийн боловсролын өнөөгийн байдал”, “Соёлын өвийг сургалтад ашиглах нь”, “Багш, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг сайжруулах арга зам” зэрэг 11 илтгэл хэлэлцүүлэв. Илтгэлүүдийг тодорхой шалгуурын дагуу үнэлж шилдэг илтгэгчдийг хоёр сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.

 

2019-08-24 01:44:29