Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас 2017-2021 онд хэрэгжүүлж буй “Улс орны хөтөлбөр”-ийн дунд хугацааны үнэлгээний зөвлөлдөх уулзалт өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт болж байна. Зөвлөлдөх уулзалтыг нээж аймгийн Засаг дарга Д.Батсайхан, НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Спесиоз Хакизимана, Үндэсний Статистикийн хорооны Тамгын газрын дарга Ч.Цэвэгдорж нар үг хэллээ.
Завхан аймаг хүүхдэд ээлтэй аймаг байх зорилт дэвшүүлэн ажиллаж, “Оюунлаг Завханчууд” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох олон шинэлэг ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, сум бүр хүүхдийн нарийн мэргэжлийн эмчтэй болохыг зорьж одоогоор 17 суманд мэргэжлийн эмч ажиллаж байна. “Сайн малчин” дэд хөтөлбөрийн хүрээнд малчны 6 настай хүүхдүүдийн “Гэр өргөө”-г хөдөөгийн 23 сумандаа байгуулснаар хүүхдүүд асрагч багшийн байнгын хараа хяналтан дор, гэртээ байгаа мэт тохилог, тав тухтай орчинд үеийнхээ хүүхдүүдтэй амьдарч, хөгжиж, бие даах чадварт суралцаж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн нэгний өдрийг албан байгууллагууд “Хүүхдээ сонсох өдөр” болгон зарлаж хүүхдийн үзэл бодол, санал хүсэлт, шүүмжлэлийг хүндэтгэн хүлээн авч, харилцан ярилцаж хамтдаа шийдвэрлэхийг зорин ажиллаж буйд НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Спесиоз Хакизимана чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Мөн нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар боловсролын салбарт эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Завхан аймаг хамгийн түрүүнд олж харж, тодорхой ажлууд эхлүүлснээс гадна сумын төвүүдийг нэгдсэн халаалтад холбох, эрчим хүчний хүртээмжтэй байдалд анхаарч ажиллаж буйг сайшаалаа.
2018 онд НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар Үндэсний статистикийн хороотой хамтран “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г 180 орчим үзүүлэлтээр 5 аймаг, 2 дүүрэгт өргөн хүрээнд хийсний нэг нь Завхан аймаг юм. Энэхүү зөвлөлдөх уулзалтаар тус судалгааны үр дүнг танилцуулж, 2017 оноос хойш хэрэгжүүлсэн ажлыг үнэлж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, цаашид хийх өөрчлөлтийн талаар хэлэлцэх юм.
Б.Оюун-Эрдэнэ