2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙГ “ЭЦЭГ ЭХ, БАГШ , СУРАЛЦАГЧДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛАХ, ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА
384 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүүхэд багачуудаа дэмжих, боловсролын тулгын гурван чулуу болсон багш, эцэг эх, хүүхдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн хөгжилд ахиц дэвшил гаргах зорилгоор Завхан аймгийн Засаг даргын 2019 оны наймдугаар сарын 26-ны өдрийн А/261 тоот захирамжаар 2019-2020 оны хичээлийн жилийг “Эцэг эх, багш, суралцагчдын уялдаа холбоог сайжруулах, хүүхдийн хөгжлийн жил” болгон зарлалаа. Энэ жилийн хүрээнд сургалтын байгууллагын үйл ажиллагааны зорилго, төлөвлөлтийг эцэг эх, нутгийн захиргааны хамтын оролцоотой тодорхойлох, эцэг эхийн зөвлөгөөн, уулзалтуудыг тогтмол хугацаанд зохион байгуулж, эргэх холбоог хангах замаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэн ажиллахыг бүх шатны сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сумын Засаг дарга нарт үүрэг болголоо. Хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд дэргэдээ “Эцэг эхийн зөвлөл” байгуулж ажиллахыг чиглэл болголоо.

 

2019-2020 оны хичээлийн жилд Завхан аймгийн 24 сумын Ерөнхий боловсролын 30 сургуульд 15.146 хүүхэд суралцаж байгаагаас бага боловсролд 7331 хүүхэд, суурь боловсролд 5160 хүүхэд, бүрэн дунд боловсролд 2655 хүүхэд суралцаж байна. 24 суманд төрийн өмчийн 36, хувийн 4, нийт 40 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж 5691 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Завхан аймаг улсын хэмжээнд хамран сургалтын үзүүлэлтээрээ өндөр байдаг бөгөөд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 98.1 хувь, бага боловсролын хамран сургалт 99.4 хувь, суурь боловсролын хамран сургалт 89.4 хувьтай байна.

 

2019-2020  оны хичээлийн жилд Завхан аймгийн таван сумын сургууль, дөрвөн сумын цэцэрлэг шинэ байртай болж, энэ онд боловсролын салбарт 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна.

 

2019-09-01 05:02:00