АЛДАРХААН СУМ ЦЭЦЭРЛЭГИЙН ШИНЭ БАЙРТАЙ БОЛОВ
471 ХҮН ҮЗСЭН БАЙНА

1962 онд байгуулагдаж 2006 оноос хойш их засвар хийгээгүй хуучин байранд үйл ажиллагаагаа явуулж байсан Алдархаан сумын хүүхдийн цэцэрлэг 684.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн ортой цэцэрлэгийн шинэ байртай боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Алдархаан сумын Засаг дарга Б.Батдэлгэр, аймаг, сумын удирдлагууд оролцов.

 

УИХ-ын гишүүн З.Нарануяагийн санаачилгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Алтан харш” ХХК ажилласан бөгөөд цэцэрлэгийн шинэ барилга нийт 327.7 метр.квадрат талбайтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат, галын дохиолол хүлээн авах төв станцтай, долоон баллын газар хөдлөлтөд тэсвэртэй ажээ.

 

Иж бүрэн камержуулсан тус цэцэрлэг багш хөгжлийн танхим,  гал тогоо, бүлгийн болон ариун цэврийн өрөөнүүд, архивын өрөө, хүлээлгийн өрөөтэйгээр иж бүрэн тохижуулжээ.

 

2019-09-03 05:04:03