Завхан аймаг ард иргэдээ сонсдог, ард иргэдийнхээ санал бодолд тулгуурлан шийдвэр гаргадаг, гаргасан шийдвэр хэрэгжүүлсэн ажлаа ард иргэддээ тайлагнадаг, төрийн албан хаагчид айл өрхүүдээ хариуцан ажилладаг, төрийн ажлыг ард иргэдээрээ үнэлүүлдэг, иргэн төвтэй төр бүхий аймаг болох зорилт дэвшүүлэн гурав дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, шуурхай, чанартай хүргэхэд төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг сайжруулах шаардлагатай. Тиймээс орон нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, харилцан суралцах бүсийн сургалтуудыг гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Урд болон говийн бүсийн сургалтыг өнгөрсөн тавдугаар сард хийсэн бол энэ удаад зүүн бүсийн сургалтыг Идэр суманд, хойд бүсийн сургалтыг Түдэвтэй суманд зохион байгуулж 14 сумын 300 гаруй төрийн албан хаагч оролцлоо. Энэ үеэр төрийн албан хаагчид мэдлэг, ур чадвар болон сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх илтгэлүүдээрээ өрсөлдсөн юм. Мөн төрийн албаны стандарт, бодлогын баримт бичиг, төрийн албаны тухай хууль, шинээр батлагдсан тогтоол шийдвэр, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний ёс зүйн дүрэм зэргээр тестийн шалгалт өгч, нэгдсэн сургалтад хамрагдлаа.
Төрийн албаны тухай хууль болон тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангах, харилцан суралцах бүсийн зөвлөгөөний нэгдсэн дүнг 11 үзүүлэлтээр гаргаж, зүүн бүсийн сумдаас тэргүүн байранд Улиастай сум шалгарч өргөмжлөл, нэг сая төгрөг, шилжин явах цомын эзэн боллоо. Дэд байрт Идэр сум, гуравдугаар байрт Тосонцэнгэл сум шалгарав. Хойд бүсийн сумдаас Нөмрөг сум тэргүүлж өргөмжлөл, нэг сая төгрөг, шилжин явах цом гардан авсан бол дэд байрт Асгат сум, гуравдугаар байрт Түдэвтэй сум шалгарсан амжилт үзүүллээ.
Ийнхүү Завхан аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газраас зарласан “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг дөрвөн бүсэд амжилттай зохион байгуулав.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ