Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолоор Монгол Улс 2025 оноос албан бичгээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна. Тиймээс Завхан аймаг оюуны соёлын үнэт өв болсон босоо Монгол бичгээ хэрэглэх, түгээн дэлгэрүүлэх, хүн бүр уншиж, бичих чадварыг эзэмших, монголоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын санаачилгаар аймгийн Засаг дарга Д.Батсайхантай хамтран хэрэгжүүлж буй “Миний Монгол-2025” хөтөлбөрийг 2019 оны хавар эхлүүлж эхний шатны сургалтаар 200 хүүхэд, 100 багшийг амжилттай сургаж, 30 багшийг ӨМӨЗО-ны Хөх хотод суралцууллаа. Багш, сурагчдынхаа бүтээлээр Ардын хувьсгалын 98 жилийн ойн аймгийн баяр наадмаа гоёсон билээ.
Сургалтыг босоо монгол бичгээ өнө удаан жил уламжлан хадгалж яваа Өвөр Монголын Өөртөө Засах Орны Монгол хэлэн зүйн эрдэмтэн доктор, нэрт уран бичигтэн Ийшийн Сувади, Отог өмнөд хошууны монгол дунд сургуулийн удаан жилийн захирал Толгарын Вандинбуу, монгол бичгийн уран бичлэгийн багш Ө.Одгэрэл нар удирдан явуулж буйгаараа онцлогтой. “Миний Монгол-2025” хөтөлбөрийн хоёрдугаар шатны бүсийн сургалт Тосонцэнгэл сумаас эхэлж зүүн бүсийн дөрвөн сумын таван сургуулийн 300 гаруй хүүхэд, багш нар амжилттай суралцав.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш нарыг үндэсний босоо Монгол бичгээрээ уран бичиж сургах хоёрдугаар шатны сургалтыг нийт зургаан бүсэд зохион байгуулж 1400 гаруй хүүхэд, 150 багшийг хамруулна. 2020 оны хавар зохион байгуулах гуравдугаар шатны сургалтаар 2500 гаруй хүүхэд, багш нарт Монгол уран бичлэгийн чадварыг эзэмшүүлэхээр төлөвлөөд байна.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ