Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Гамшгийн эрсдийг бууруулах газар Завхан аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Гамшгийн эрсдлийг бууруулах стратеги, төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт баруун бүсийн сургалтыг 2019 оны есдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулав. Сургалтад НҮБ-ын Гамшгийн эрсдийг бууруулах газрын Дэлхийн боловсрол, сургалтын хүрээлэнгийн хөтөлбөрийн ажилтан Ана Кристина Торланд, Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга, ахлах зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Базаррагчаа, баруун таван аймгийн Онцгой байдлын газрын дарга, холбогдох мэргэжилтнүүд, Завхан аймгийн төрийн захиргааны байгууллагуудын төлөөлөл оролцоо.
Сургалтын үйл ажиллагааг Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нээж үг хэллээ. Тэрээр: “НҮБ-аас санаачилсан аюулгүй, гамшигт тэсвэртэй, тогтвортой хөгжилтэй хотыг бий болгох санаачилгад өнгөрсөн оны байдлаар дэлхийн 4200 гаруй хот нэгдсэний нэг нь Завхан аймгийн Улиастай хот юм. Ингэснээр бид дэлхийн хотуудын өмнө тулгамдаж буй асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан туршлага солилцох, дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар аливаа эрсдэл, гамшгаас ангид байх, хохирол багатай даван туулах аргачлал, төлөвлөгөөтэй болох учиртай. Өөрөөр хэлбэл эрсдэлийг урьдчилан харж, түүнийг даван туулах аргаа олоход энэхүү сургалтын ач холбогдол оршиж байна. Завхан аймаг гамшгийн эрсдлээс хамгаалах төлөвлөгөөтэй болох чиглэлээр аймгийн Засаг даргын захирамжаар зөвлөл байгуулж, ажлын хэсэг томилон ажиллаж байна. Энэ жилээс манай аймгийн бүх сум, албан байгууллагууд гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөтэй болж, төлөвлөгөөгөө улирал бүр шинэчилэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна” гэв.
“Гамшгийн эрсдлийг бууруулах стратеги, төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт баруун бүсийн сургалтын үеэр аймаг, орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулж, тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг хэлэлцэн харилцан туршлага солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлов.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ