АСГАТ СУМ УС ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОВ
709 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн зарим сумын ундны ус хатуулаг ихтэй учраас ард иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятавын санаачилгаар БНСУ-ын 100 сая вонны хөрөнгө оруулалтаар Асгат суманд ус цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орлоо. Тус суманд урсгал ус байдаггүй, гүний гурван худгаас ундны усны хэрэгцээгээ хангадаг. Гэвч худгийн усанд агуулагдах магни зөвшөөрөгдөх хэмжээнээс их, бусад олон төрлийн нян бактеритай, ундны усны шаардлагыг хангадаггүй тул гэдэс хямрах, үс эрт цайх, унах гэх мэт өвчлөл ихтэй байдаг ажээ.

Дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор БНСУ-ын Бурвантек ХХК өдөрт 200 хүртэлх тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай үйлдвэрийг суурилууллаа. Тус компанийн захирал Ким Мин Сон: “Үйлдвэрийн ус цэвэршүүлэх фильтер нь усныхаа чанар болон бусад олон хүчин зүйлээс хамаараад ашиглалтын хугацаа өөр байдаг. Асгат сумын усны онцлогоос харахад хамгийн багадаа гурван жилийн хугацаанд ямар нэгэн асуудалгүй ажиллах боломжтой” гэлээ. Ус цэвэршүүлэх төхөөрөмж нь гүний усыг олон шат дамжлагаар цэвэршүүлж ундны болон хэрэглээний гэсэн хоёр түвшинд ялгаж өгдөг. Ингэснээр сумын иргэдийн хэрэглээний болон ундны усны хэрэгцээг бүрэн хангахаас гадна хөрш зэргэлдээ сумдыг ч цэвэр усаар хангах боломжтой юм.

Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилтын хүрээнд ус цэвэршүүлэх үйлдвэрийг Асгат суманд байгуулахад аймгаас 20 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Дараагийн жилүүдэд ундны ус нь чанарын шаардлага хангадаггүй бусад сумдад дээрх ус цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулахаар төлөвлөөд байна.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2019-09-18 16:59:06