МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУРГААДУГААР НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ
482 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Азийн хүүхдүүд 2020” олон улсын хүүхдийн спортын долдугаар наадамд оролцох Монголын баг тамирчдыг бэлтгэх, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын арга хэмжээ, тэмцээн наадамд өргөнөөр хамруулах, хамт олонч хүмүүжлийг төлөвшүүлэх, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх, залгамж халааг бэлтгэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагдсан Монголын хүүхдийн спортын зургаадугаар наадамд Завхан аймгаас 85 хүүхэд, 14 багш дасгалжуулагч амжилттай оролцлоо. Наадмын шигшээ тэмцээнийг спортын 34 төрлөөр зохион байгуулж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн шилдэг 5949 тамирчин өрсөлдөв.

Завхан аймгийн баг тамирчид цана, чөлөөт бөх, самбо бөх, сагсан бөмбөг, волейболын төрөлд амжилттай оролцсон бөгөөд гар бөмбөгийн тамирчид шилдэг дөрөвт, сагсан бөмбөгийн тамирчид шигшээ наймд шалгарч, цанын спортын таван километрын зайд Б.Ойгонзаяа мөнгөн медаль, самбо бөхийн 48 килограммын жинд У. Бямбадорж мөнгөн медаль, 65 кг-ын жинд Б.Батцэнгэл хүрэл медаль, 52 килограммын жинд Б.Учрал хүрэл медаль, 60 килограммын жинд Э.Нямгэрэл мөнгөн медаль, чөлөөт бөхийн төрөлд Т.Даваадорж хүрэл медаль, волейболын төрөлд дөрөвдүгээр байр эзэлж, тамирчин Хатанзаяа “Шилдэг довтлогч”-оор шалгарсан  амжилтыг үзүүллээ.

 

 Монголын хүүхдийн спортын VI наадамд амжилттай оролцоход аймгийн Засаг дарга Д.Батсайхан тамирчид, дасгалжуулагчдын бэлтгэлийн хувцас, байрын зардлыг хариуцаж, Улиастай сумын Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар унааны зардалд дэмжлэг үзүүлснээс гадна Завхан аймгаас төрөн гарсан үе үеийн тамирчид, спортыг дэмждэг хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллав.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2019-09-28 10:04:58