Баруун бүсийн тусгай олимпын зуны их наадам 2019 оны есдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Ховд аймагт болж Завхан аймгийн баг тамирчид амжилттай оролцлоо. Тусгай олимпын үнэт зүйл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд тэгш оролцуулах, хөгжлийн бэрхшээл гэсэн ойлголт үгүй болохыг сайн дурын дэмжин тоглогч сурагч хүүхдүүдээр дамжуулж спортын болон спортын бус төрлүүдээр зөв ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Энэ удаагийн тусгай олимпыг хөнгөн атлетик, ширээний теннис, гар бөмбөг, бадминтон, бочи гэсэн спортын таван төрлөөр зохион байгуулж, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан Увс, Ховд аймгийн 90 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Завхан аймгийн тусгай олимпын баг тамирчдад аймгийн Засаг дарга 1.2 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, долоон тамирчин, таван дэмжин тоглогч сурагч, гурван сайн дурын ажилтан, эрүүл мэндийн ажилтан, дасгалжуулагч, эцэг эхийн төлөөлөл зэрэг нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Баг тамирчид гар бөмбөгийн тэмцээнд тусгай байр, бадминтоны төрөлд А.Жаргалмаа мөнгөн медаль, ширээний теннисний төрөлд Ц.Дэмбэрэлням хүрэл медаль, дэмжин тоглогч Б.Гоомарал алтан медаль, хөнгөн атлетикийн 50 метрийн төрөлд Б.Жанчив алтан медаль, 100 метрийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртлээ.