АЛДАРХААН СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.БАТДЭЛГЭР: ЭНЭ ОНД 12.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
3908 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Алдархаан сум руу хатуу хучилттай авто зам тавигдаж, цэцэрлэгийн шинэ барилгатай болсон гээд бас л бүтээн байгуулалтын ажлууд ундарсаар байгаа харагдана. Томоохон бүтээн байгуулалтуудынхаа талаар хоёулаа ярилцлагаа эхэлье?

 

Манай сум нь аймгийн төвдөө хамгийн ойрхон, “Доной” нисэх онгоцны буудлын дэргэд байрладаг. Усалгаатай тариалан хөгжсөн, уламжлалт мал аж ахуйн гаралтай төрөл бүрийн түүхий эдийг боловсруулах, хагас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг сум байсан тул цаашид аймгийн боловсруулах үйлдвэрлэлийн төв болгон хөгжүүлэх нь хөгжлийн бодлогод нийцэх юм. Иймд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Сумын төвийн шинэчлэл”-ийг эхлүүлж, зам, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлыг 2019-2020 онд бүрэн хийж дуусгахаар бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна. Сумын төвийн шинэчлэлийн хүрээнд улсын төсвийн 684.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ оны наймдугаар сард 50 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орж, есөн сая төгрөгийн гал тогооны хэрэгсэл, 2.2 сая төгрөгийн компьютер, олон  үйлдэлт хэвлэгч, таван сая төгрөгийн хатуу эдлэлийг БСШУСЯамнаас олголоо. 2019-2020 онд улсын төсвийн нэг тэрбум 189 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барьж байна. Сумын төвийг инженерийн шугам сүлжээнд холбох, угсрах ажлыг  “Бурхант хясаат” ХХК, цэвэрлэх байгууламж, усан санг “Тоска” ХХК, Донойн хөндийн  нисэх буудлын авто замын уулзвараас Эрдэнэ толгой хүртэлх 6.7 километр зам болон сумын төв доторх хатуу хучилттай авто замын ажлыг таван тэрбум 843 сая төгрөгийн өртгөөр “Тэргүүн саруул зам” ХХК гүйцэтгэж байна. Манай суманд энэ онд нийт 12.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ. Мөн Загастайн давааны 67 километр хатуу хучилттай авто зам барилгын ажлын 47 километр нь манай сумын нутагт байгаа юм.

Бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, сумын өнгө үзэмж сайжрахын хэрээр нутагтаа суурьших иргэдийн тоо ч тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа болов уу?

 

Сумын төвийн шинэчлэлийн ажил ид өрнөж байна. Өглөө гэгээ орохоос авахуулаад үдшийн бүрий болтол дээрх компаниуд борви бохис хийхгүй л ажиллах юм. Сумын  дэд бүтцийг шийдвэрлэхтэй холбогдон Улаанбаатар, Улиастай, Эрдэнэт хотоос иргэд суурьшихаар ирж байна. Мөн газар олгооч гэсэн иргэдийн тоо эрс өслөө. Алдархаанаас аймагруу ажилдаа явж байя, Улаанбаатарт Чингэлтэй, Хайлаастын эцэс, Нисэх, Улиастайгаас ажилд явдаг юм чинь гэх иргэд нилээдгүй байгаа.

 

Хөрөнгө оруулалтын чуулганаар сумандаа ямар жижиг үйлдвэр байгуулах гэрээг үзэглэв. Ажлын явцын талаар мэдээлэл өгөөч?

 

Завхан аймаг “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” болох зорилтын хүрээнд манай суманд сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, сүлжмэлийн үйлдвэр, тавилгын үйлдвэрийг дэмжин ажиллахаар гэрээ байгуулсан. “Алдар хээ” ХХК нь сүлжмэлийн үйлдвэрээ өнгөрсөн тавдугаар сард нээн үйл ажиллагаагаа явуулж байна, Тавилгын үйлдвэр байраа засварлаж, тоног төхөөрөмжөө угсарсан.

Жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулахад хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

 

Сумын төвийн шинэчлэл явагдаж байгаатай холбогдон 36 иргэн ажлын байраар хангагдлаа. Дээр ярьсан сүлжмэлийн болон тавилгын үйлдвэрүүдийг аймаг орон нутгийн зүгээс тодорхой дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна. Одоогоор энэ хоёр үйлдвэр байраа засварлаж тохижуулан бараа материалаа татаж, найман хүнийг ажлын байраар ханган үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулсан эсэх талаарх мэдээлэл олон нийтэд ил тод байх ёстой. Энэ онд сумынхаа ОНХС-ийн хөрөнгөөр ямар ажлуудыг хийж гүйцэтгэв?

 

Энэ онд манай сумын ОНХС-ийн хөрөнгө 75 сая төгрөгөөр нэмэгдсэн. Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг гаргаж, ИТХ-ын 2018 оны 52 дугаар тогтоолоор 16 ажлыг 142 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал, Алдар, Богдын гол багийн зам засварлахад 20 сая төгрөг, Богдын гол багийн хөгжлийн төвийг 30 сая төгрөгөөр, Өгөөмөр багийн хөгжлийн төвийг 10 сая төгрөгөөр, Шар жараанд ногоо тарих, худаг гаргахад найман сая төгрөг, Чигэстэй багийн малын зөөврийн хашаанд таван сая төгрөг, Хүрэн толгойн гармын гүүр барихад 14 сая төгрөгийг тус тус зарцууллаа.

 

“Миний гоё сум” хөтөлбөр, “Эко Завхан” аяны хүрээнд хийж буй шинэлэг ажлуудынхаа талаар мэдээлэл өгөөч. Сумаа гоё, сайхан, цэвэр цэмцгэр байлгахад иргэн бүрийн оролцоо чухал. Танай сумын иргэд хэр идэвх, санаачилгатай оролцож байна вэ?

 

 “Миний гоё сум”, “Эко Завхан” аяны хүрээнд сумын өнгө үзэмж, хог хаягдлын талаар иргэдийн дунд  санал асуулга явуулж, байгууллага, аж ахуйн нэгж , иргэдийн дагаж мөрдөх журмыг ИТХ-аараа батлуулсан. Сумын хогийн цэгийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дэмжлэгтэйгээр аймгийн хогийн цэгийн загвараар стандартын дагуу болгож шинэчиллээ. Уулын орой, булгийн эх дэх хогийг хуваарь гарган байгууллагуудаар цэвэрлүүлж хэвшив.

 

Өнгөрсөн жил Алдархаан сум хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй болсны үр дүн эхнээсээ харагдаж байгаа болов уу?

 

Манай суманд ирсэн хүн бүрийн нүдэн дээр бүтээн байгууллалт хэрхэн явагдаж байгаа нь илт харагдаж байгаа. Энэ нь сум маань хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй болсны ач шүү дээ. Алдархаан сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй болгох төслийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа санаачилан хэрэгжүүлж байна.  

2019-10-16 16:26:31